ЗАВХАН: Эмэгтэйчүүд ажлын байр хамгийн идэвхтэй хайж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-05-22 16:22:51

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт тавдугаар сарын байдлаар шинэ ажлын байр болон бүртгэлтэй ажилгүйчүүд 3.8 дахин цөөрчээ. 

Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй хүний тоо 317 болж, өнгөрсөн оны мөн үеэс 872 хүнээр цөөрсөн байна. Харин аймгийн хэмжээнд 172 эмэгтэй ажил идэвхтэй хайж байгаа нь ажилгүйчүүдийн 54.3 хувийг нь эзэлж байна. Энэ судалгаанаас үзэхэд, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүйчүүдийн эзлэх хувийг эмэгтэйчүүд тэргүүлсээр байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд ажлын байр хамгийн идэвхтэй хайж байна гэсэн үг юм. 

Бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл хамгийн их нь буюу 34.9 хувь нь 25-34 насныхан, 31.2 хувь нь 35-44 насныхан байна. Харин 20.8 хувь нь 45-54 нас, 8.8 хувь нь 15-24 насныхан байна. Ажилгүйчүүдийн 51.4 хувь нь бүрэн дунд, 18.0 хувь нь дээд боловсролтой хүмүүс, 9.1 хувь нь боловсролгүй байна.

Ер нь иргэд статистикийн судалгаанд бүртгэгдэж, ашиглаж буй нэршлийг мэддэг байх нь илүүдэхгүй. Тиймээс статистикийн судалгаа мэдээлэлд ашиглагдаж байгаа зарим нэршлийг тайлбарлахад, ажил хайж байгаа гэж сүүлийн дөрвөн долоо хоногт цалин хөлс, орлого олох зорилгоор ямар нэгэн хэлбэрээр ажил хайсан эсвэл хувийн бизнес эхлүүлэх оролдлого хийсэн хүн юм.


Харин ажил хайх гэдгийг ажилд зуучлах төрийн болон хувийн байгууллагад бүртгүүлэх, ажлын байрны талаар мэдээлэл авч ажил олгогчтой холбогдсон.

Ажлын зар, цахим хуудсаар ажил олгогчид хандах, нийтийн үйлчилгээний газруудын мэдээллийн самбар, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зар тавих гэх мэт ажил олох оролдлого идэвхтэй хийхийг ойлгоно.


Ажлын байрны талаар мэдээлэл авсан ч ажил олгогчид хандаагүй бол идэвхтэй оролдлого хийсэн гэж үзэхгүй гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

 

Холбоотой мэдээ