Тэрүнофүжи 8 даваатай Нацү башёг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-22 13:51:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Өнгөрсөн оны аравдугаар сард өвдгөндөө хагалгаа хийлгэснээс хойш барилдалгүй өдий хүрээд байсан ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Нацү башёг тун өнгөтэй эхлүүлсэн бөгөөд одоо ч өнгөлсөөр байна.


Учир нь, дөрвөн тэмцээн дараалан өнжсөн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Нацү башёг эхний найман өдрийн дараа ганцаараа уналгүй 8 давж качикоши хийлээ. Г.Ган-Эрдэнэ өчигдөр маэгаширагийн тав дахь бөх Котошохог ошидаши мэхээр давсан бол түүнтэй хамт тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж явсан экс озэки Асанояма, маэгашира Мэйсэй нар өвдөг шороодсон юм.


Ингэснээр Тэрүнофүжи ганцаараа унаагүй тэргүүлж эхэлсэн бөгөөд Дайэшо, Вакамотохарү нар унаснаар 8 бөх 6:2-той боллоо.


Өдгөө 31 настай түүний хувьд замналынхаа туршид нийт 16 башёг өнжиж, эсвэл дундаас нь орхижээ. Ялангуяа ёкозүна цол хүртсэнээсээ хойш боломжит арван башёгийн тавыг нь өнжсөн байна.


Тэрүнофүжи ёкозүна цолтой болж хүч үзсэн анхны башёдоо түрүүлсэн бүх цаг үеийн 9 дэх аварга бөгөөд Монголын 5 дахь их аварга билээ.  

Холбоотой мэдээ