Ж.Бат-Ирээдүй: Монголоос дэлхийн улс орнуудад хамгийн их тархсан зүйл нь ном байдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2023-05-22 15:59:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчууд бид 2025 ондоо бэлэн үү” булангийнхаа зочноор ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор, дэд профессор Ж.Бат-Ирээдүйг урилаа. Хос бичгээр төрийн албан хэргийг хөтлөх бэлтгэлийг хангах зорилтын хүрээнд баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 3“-ыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тус хүрээлэнд хариуцуулсан хэд хэдэн ажил бий. Энэ талаар түүнээс тодруулсан юм.


-Монгол бичгийн орчин бүрдүүлэх нэг чухал ажил бол утга зохиолын бүтээлийг монгол бичгээр хэвлэн нийтлэх. Энэ чиглэлээр ямар төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна вэ. Мөн шинээр хэвлэгдэж байгаа ном товхимлын нэрийг монгол бичгээр бичиж хэвшүүлэх ажлыг ямар зохицуулалтаар хэрэгжүүлж байна вэ?

-Утга зохиолын бүтээлийг монгол бичгээр бичихийг бид бүх зохиолч, яруу найрагчид санал болгож байгаа. Түүний дагуу хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэрүүд номын хавтсыг монгол бичгээр нуруулдан бичих байдал руу орж байна. Та нар харсан бол, номын дэлгүүрт ороход нуруу хэсэгтээ монгол бичгээр бичсэн номууд нэлээн хувийг эзлэх болсон байгаа. Хэвлэлийн газруудад нэг үеэ бодвол, монгол бичгээр бичдэг боловсон хүчин нэлээд их болсон байна шүү дээ. Бас номын нэрийг монгол бичгээр бичээд өгөх хүн захаас аван бий болсон байна.   


-ЕБС-ийн ахлах ангийн Монголын түүх, уран зохиолын сурах бичгийг монгол бичигт хөрвүүлэн хэвлэх ажил хэзээ эхлэх вэ. Мөн багш нарын нь монгол бичгийн мэдлэг ямар түвшинд байна гэж та бүхэн үзэж байгаа вэ?

-Бүрэн монгол бичгээр бичээд гаргасан сурах бичиг байхгүй байгаа ч зарим хичээлийн, тухайлбал, “Ёс зүйн хүмүүжил” хичээлийн сурах бичгийн зарим сэдвийг монгол бичгээр бичиж гаргаж байгаа туршлага байна. Түүхийн багш нарын хувьд, тэдэнд зориулсан албан ёсны сургалт алга байна. Харин бүх дунд сургуулийн монгол хэлний багш нар, төрийн албан хаагчдад заах сургагч багш нарын мэдлэг чадварыг гүнзгийрүүлэх чиглэл рүү ажлын хэсгийнхэн түлхүү анхаарч ажиллаж байх шиг байна.

Манай хүрээлэнгийн хувьд, “Төрийн албан хаагч нарт зориулсан монгол хэл, бичгийн мэдлэг чадвар, хэрэглээ” гарын авлагыг ШУА-ийн “Гранд” төслөөр бэлэн болгосон. Төрийн албан хаагч нарын шалгалтад хэдэн тест цээжлээд ордог биш, монгол бичиг, монгол хэлний суурь мэдлэгтэй болж байж тэр хүн төрийн албанд ажиллах ёстой гэдэг зарчмын дагуу энэ гарын авлагыг бэлтгэж, одоо хэвлэн гаргах гэж байна.


Гарын авлага дотор байгаа жишээ баримт, дадлага дасгалуудад төрийн албан хаагчийн ажил төрөлтэй холбоотой үг хэллэг, нэр томьёо, мөн нийгэмд будилж, буруу бичиж байгаа жишээнүүдийг ч тайлбарлаж өгсөн байгаа.  


-Үнэхээр цаг үеэ олсон, чухал хэрэглэгдэхүүн гарах гэж байгаа юм байна. Хэдэн хувь хэвлэх вэ, цахим хэлбэртэй байх уу?

-Төрийн албан хаагч нарт хүргэх үүднээс Төрийн албаны зөвлөлийн дэмжлэг авч хэвлэе гэж ярьж байгаа. Амьдрал дээрх буюу цахим хэрэглээнд нийтлэг байдаг алдааг жишээгээр үзүүлээд, энэ нь ийм дүрмээр буруу, ингэж засаж бичих ёстой гэх маягаар тайлбарлаж өгсөн. Тухайлбал, ерөнхийлөн хамаатуулахын нөхцөлийг хамтрахын тийн ялгалын нөхцөлтэй хольж хутган “гэртээ” гэхийг “гэртэй” гэж бичих алдаа амьдрал дээр их байдаг юм байна. Энэ мэтээр гарын авлагыг дадлага тал руу нь их хандуулсан.


-Монгол бичгийн үндэсний форумыг ойрын хугацаанд зохион байгуулна хэмээн албаныхан мэдээлээд байгаа. Тэр хурал хэзээ болох вэ?

-”Монгол хэлний тухай” хууль 2015 онд гарснаас хойш 2025 онд хос бичгээр төрийн албыг хөтлөх бэлтгэлийг хангах 10-аад жилийн хугацаанд хийж ирсэн ажлын үр дүн, цаашид юу хийх вэ гэдгийг нэгтгэж харах үүднээс “Монгол бичгийн онол, арга зүй, хэрэглээ” сэдэвт үндэсний форумыг энэ сарын сүүлээр зохион байгуулахаар төлөвлөөд байна.  

Энэхүү форумын онолын хэсэгт, хүний нэр, оноосон нэрийг монгол бичгээр яаж бичих, уламжлалт бичлэгтэй болон янз бүрээр бичиж ирсэн үгсийг хэрхэн журамлах нь онолын хувьд зөв бэ гэдэг талаар нэг гол илтгэл тавьж, түүнийхээ хүрээнд хэлэлцүүлэх юм.

Арга зүй хэсэгт, монгол бичгийг дунд сургууль, түр сургалтуудад зааж буй арга барил ямар байна, ерөөс маш хурдан сургах өөр арга бий юу, орчин үеийн технологийн аргыг ашиглах ямар боломж байна гэх зэргээр хэлэлцүүлэх юм.

Гуравдугаарт, нийгэмд монгол бичгийн хэрэглээ ямар байна, ерөөс нийгмийн хандлага ямар байна, хэн хамгийн сайн сурч байна, уран бичлэг монгол бичгийн хэрэглээнд хэрхэн нөлөөлж байна, байгууллагууд бүтээгдэхүүн дээрээ монгол бичгийг яаж ашиглаж байна, эсвэл огт тоохгүй байна уу гэх зэргээр хэлэлцүүлэх юм. Ингэж “онол, арга зүй, хэрэглээ” гэсэн гурван асуудлаар хэлэлцүүлсний дараа Засгийн газрын комисст зөвлөмж гаргаж өгөх юм.


-Гадаад орнуудад буй монгол бичгээрх өвийг илрүүлэх, судлах талаар ямар ажил өрнүүлж байна вэ. Ер нь монгол бичгийн өв аль оронд хамгийн арвин байдаг юм бэ?

-Гадаад улсуудын архив, номын сангуудад монгол бичгээр байдаг ном, бусад материал хэрэглэхүүнийг ил болгох, тэдгээрийг судлах бол үнэхээр маш чухал ажил. Саяхан “Чингис хаан” хаад язгууртны музейд гадаадын архивуудад хадгалагдаж байгаа “Монгол хэл, бичгийн өв соёлын судалгаа” гэдэг нэлээд өргөн хүрээг хамарсан эрдэм шинжилгээний хурал болсон. ОХУ-д байгаа архив бичиг, ном судрын талаар судалгаа хийсэн хүмүүс нь оролцож, илтгэл тавьсан. Иймэрхүү хурлуудыг жил болгон зохион байгуулахыг эрмэлзэж байгаа.

Ер нь бол, дэлхийн монгол судлалын гол төвүүд болох ОХУ, Герман, Франц, Англи, Япон, Хятадад монгол бичгээр асар их материал байгаа. Берлиний номын сан, Гёттингений их сургууль, Бонын их сургуулийн номын сан, Монголоос болон өөр орнуудаас аваачсан түүхийн уг сурвалжуудыг бүгдийг нь Вальтер Хайссиг гэдэг хүн каталог болгоод гаргачихсан байна. Миний өөрийн харснаар жишээ татахад, Гёттингений их сургуулийн номын санд маш ховор газрын зураг байна.


1929 оны Алтанбулаг Хиагтын газрын зургийг герман хүн уулан дээрээс харж зураад, тэнд аваачаад хадгалсан байх жишээтэй. Иймэрхүү бичиг баримт Германд асар их байгаа, ийм зүйлсийг судлах ёстой. Японы дорно дахины номын санд маш олон монгол ном хадгалагдаж байна.


Тэдгээрийг Монголын болон Японы эрдэмтэд судлаад ил тод болгон гаргасаар л байна. Ер нь, Монголоос дэлхийн улс орнуудад хамгийн их тархсан зүйл бол ном шүү дээ. Бээжин бар, модон барын ном асар их тархсан байдаг. Тэгээд зөвхөн нэг хувь, гар бичмэл өв газар газрын номын сангуудад өөр өөр байгаа. Эдгээр нь олон улсын цуврал хурлаар ил тод болж гарч ирж байна л даа. Энэ бол Монголын болон гадаадын монгол судлаачдын судалгааны маш чухал чиглэл болоод байна.  


-Кирилл бичгийн журамласан толь гаргасан нь хэвлэл мэдээллийнхний ажилд л лав их тустай ажил болсон. Харин монгол бичгийн журамласан толийг гаргах ажил яагаад саатаж, удаашраад байгаа юм бол?

-Миний ойлгож байгаагаар, 2018-2019 оноос Ш.Чоймаа багшаар ахлуулсан МУИС болон МУБИС, ШУА-ийн хамтарсан баг хийсэн байх ёстой. БШУЯ-нд хүлээлгэж өгсөн гэж дуулсан. Яг ямар хэмжээнд байгаа нь тодорхой биш байна. Кирилл бичгийн журамласан толийг гаргахдаа, нийтийн дунд янз янзаар бичиж ирсэн үгсийг хэл шинжлэлийн үүднээс ярилцаж, гар өргөн баталж хийсэн. Монгол бичгийн зөв бичгийн дүрмийн журамласан толийг мөн тэгж хийх ёстой юм. Бас Өвөр Монголд зөрөөтэй бичиж байгаа үгсийг ярьж хэлэлцэж байж монгол бичгийн журамласан толийг гаргахдаа анхаарах хэрэгтэй гэж бодож байна.


-Монгол бичгийн журамласан толийг Хэл зохиолын хүрээлэн хийх үүрэгтэй юм биш үү?

-Хуулиараа бол тийм. Хамтарсан баг хийгээд түүнийгээ эрх бүхий байгууллагууд, Хэлний бодлогын үндэсний зөвлөл баталсны дараа хэвлэн олон нийтэд гаргах ёстой. Монгол бичгийн төлөө санаа зовдог хүмүүс, багш судлаач, сонин хэвлэлийн ажилтнууд бүгд л монгол бичгийн толио гаргаач гэж надаас шаардаж байгаа. Бидний оролцоогүйгээр өөр газар хийсэн нь тухайн үедээ асуудал болж байгаад сүүл рүүгээ замхраад алга болсон. Ш.Чоймаа багш өөрөө олон толь гаргасан. Түүнийг хийхэд болохгүй юм байхгүй, харин ямар толь болсон нь тодорхой биш байна. Одоо бол нийгэмд тулгамдаж байгаа тэр толь бичгийг хойшлуулшгүй гаргах ёстой байна л даа. 


-Хэл, утга зохиолын хөгжлийн бодлогыг тэргүүлдэг байгууллагыг удирдаж буй хүнээс ташрамд сонирхох гэсэн юм. Англи хэлийг нэгдүгээр ангиас заах тухай асуудал олон нийтийн сүлжээнд нэлээд маргаан тарилаа. Та энэ талаар ямар үзэл бодолтой явдаг вэ?

-Миний бодлоор бол, мэдээж англи хэлийг монгол хүн сурах ёстой. Харин гадаад хэлийг хэддүгээр ангиас заах нь зөв бэ гэдгийг Боловсрол шинжлэлийн үүднээс шийдэх ёстой. Түүнээс улс төрийн популист шийдвэрээр шийдэж болохгүй л дээ.


Монгол хүн англи хэл байтугай, хэдэн ч хэлийг сурах тархины чадвар сайтай. Олон улсын авиан зүйн таблиц гэж байдаг. Олон улсын хэлнүүдэд байдаг хамгийн нийтлэг эгшиг, гийгүүлэгч авиаг тэнд байрлуулсан байдаг юм. Монгол хэлэнд байдаг "б в, п ф" гээд төстэй хэлэгддэг мөртөө хоорондоо ялгаатай маш олон гийгүүлэгч тэр авиан зүйн таблиц дээр бий. Тэгэхээр аливаа хэлний авиаг дуудахад монгол хүний амны хайрцагт ямар нэг бэрхшээл байдаггүй гэсэн үг.


Монгол хүний тагнай маш гүнзгий байдаг онцлогтой. Япон хүн англиар ярихад мэдэгдээд байдаг. Харин монгол хүн англи хүн шиг англиар ярьж чаддаг учир нь хэлний хэрэглүүр болсон амны хайрцагтай холбоотой байхгүй юу.

Хэдийгээр ийм сайн талууд байгаа ч хүүхдэд эх хэлний нь сэтгэлгээ бий болоогүй, бэхжээгүй байхад гадаад хэлийг заах нь хортой. Тэртээ тэргүй англи хэлний нөлөө асар их байна шүү дээ.


-Тэгэхээр хүүхдэд хэдэн наснаас нь гадаад хэл заавал зохистой вэ?

-12 наснаас гадаад хэл заахад ерөөс оройтохгүй. Хүнд өөрийнх нь үндсэн хэлний мэдлэг, чадвар хамгийн чухал. Гадаад хэл бол олдмол зүйл байдаг тул гадаад хэл сурахад хэзээ ч оройтохгүй. 

Холбоотой мэдээ