Данил Гаврилов: Монголын баг хамгийн хүчтэй өрсөлдөгчийн нэг байх болов уу

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-05-22 15:53:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, "Монголд зочлох жил"-ийн хүрээнд Азийн физикийн XXIII олимпиад Улаанбаатар хотноо Төрийн ордонд өнөөдөр нээлтээ хийлээ. Тус олимпиадад гадаадын 27 орны 29 баг оролцож байна.


5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжлэх тус олимпиадын нээлтийн үеэр зарим оролцогчоос сэтгэгдлийг нь сонссон юм.

ОХУ-ын оролцогч Данил ГавриловБи анх удаагаа Азийн физикийн олимпиадад оролцож байна. Гэхдээ 2022 онд би Өсвөрийн шинжлэх ухаанчдын олон улсын тэмцээнд оролцож байсан. Хятад, ОХУ-ын баг хамгийн хүчтэй өрсөлдөгч байна гэж таамаглаж байна. Мөн Монголын баг хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй буюу 16 хүнтэй оролцож байгаа болохоор хүчтэй багуудын нэг байх болов уу. Улаанбаатар хот ОХУ-ын миний амьдардаг хоттой их төстэй юм. Тэгэхээр миний хувьд таньдаг, мэддэг газраа ирсэн юм шиг сэтгэгдэл төрж байна. Азийн физикийн олимпиад хэцүү ярвигтай тэмцээн болохоор би өөрийгөө сорихоор шийдсэн.



Бүгд Найрамдах Филиппин Улсын оролцогч Элиас Кошиэр: Би Монголд анх удаа ирж Азийн физикийн олимпиадад оролцож байгаадаа баяртай байна. Тэмцээнийг зохион байгуулахаар их ажил хийжээ. Монголчууд их зочломтгой хүмүүс юм. Энэхүү олимпиадад оролцогчдыг маш их дэмжиж, найрсгаар хүлээн авч байгаад талархаж байна. Олон өрсөлдөгч  намайг гайхшируулах болов уу. Миний хувьд тэмцээний үеэр олон хүнтэй танилцаж нөхөрлөх байх. Энэтхэг улсын оролцогчид хамгийн хүчтэй өрсөлдөгч байх болов уу.



Саудын Арабын Хаант Улсын оролцогч Роуз Хайро Ал Сэнди: Би анх удаагаа физикийн олимпиадад оролцож байна. Эмэгтэйчүүд зөвхөн физик, хими, биологи, байгалийн шинжлэх ухаанд төдийгүй өөр бусад олон салбарт амжилт гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна. Эмэгтэйчүүд зөвхөн манай улсад төдийгүй дэлхий даяар амжилт гаргаж чадна гэж боддог. Хятад, Энэтхэгийн баг хамгийн хүчтэй өрсөлдөгч байх болов уу. Гэхдээ урьдчилан таамаглахад хэцүү шүү дээ. Монгол Улс Азийн физикийн олимпиадыг 2 дахь удаагаа зохиож байгуулж байгаа болохоор хүчтэй багийн нэг байх магадлалтай.



БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн багийн багш Жэнсэн Ли: Азийн физикийн олимпиадыг зохион байгуулж буй Улаанбаатар хотын талаар их сайхан сэтгэгдэлтэй байна. Миний хувьд физикийн тэмцээнд анх удаа багаа бэлтгэж оролцож байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд ийм олимпиадад анх удаа оролцож, Монголд анх удаа ирж байгаадаа баяртай байна. Манай багийнхан ч бас анх удаа ирж байгаа. Бид энэ тэмцээний үеэр ямар бодлого ирэх бол, тэмцээний үр дүн яаж гарах бол гэж асар их хүлээлттэй байгаа. Манай багийн хүүхдүүд физикт их сонирхолтой. Зарим нь ийм тэмцээнд анх удаа, зарим нь урьд нь оролцож байсан туршлагатай хүүхдүүд. Хонконгод физикийн боловсролын чанарт анхаардаг учраас бид энэ тэмцээнд оролцож сурагчдынхаа мэдлэгийг дээшлүүлэхэд шинэ зүйл суралцах хүсэлтэй ирсэн.

Холбоотой мэдээ