М.Нямсүрэн: Боловсрол, сургалтыг хянах хүрээнд Тогтвортой хөгжлийн тулгуур ухагдахууныг төлөвшүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд сургуулиудад мэргэжлийн хяналтын хуудас хэрэглэж байна. Гэхдээ энэ нь сургуулийн үйл ажиллагааг хянах хуудас биш юм. Энэ талаар БШУЯ-ны салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч, доктор, дэд профессор М.Нямсүрэн хэлэхдээ, “ТХБ-II төслийн техникийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүн байгууллагаар ажиллаж, хяналт шалгалтын гол баримт бичиг болох “Хяналтын хуудас”-ны шалгуур үзүүлэлтийг олон улсад түгээмэл хэрэглэдэг “Сургууль бүхлээрээ ажиллах арга, хандлага”-ын өөрийн үнэлгээний шалгуур үзүүлэлттэй дүйцүүлэн өөрчилж буйг тодотгож байна.
-Хяналтын хуудсыг Тогтвортой хөгжлийн
боловсролтой хэрхэн холбож ойлгох вэ?
-Сургалтын байгууллагын үйл ажиллагаанд хяналт хийхийн тулд
батлагдсан хяналтын хуудас ашигладаг. Хяналтын хуудасны шалгуурт Тогтвортой хөгжлийн боловсролын цөм агуулга,
суралцахуйн орчныг хүүхдэд ээлтэй болгон хувирган өөрчлөх, бүх шатны хүний
нөөцийг ТХБ-ын чиглэлээр чадавхжуулах, суралцагч нар, эцэг эх, асран хамгаалагчдад эрх мэдэл
олгон тэдний идэвхитэй оролцоог хангасан байдлыг үнэлэхээр нэмэлт оруулсан
байгаа.
Ингэснээр сургуулийн хамт олныг эко орчин бүрдүүлэх,
экологийн ул мөрөө бууруулах, орчны аюулгүйн үзүүлэлтийг хүүхдийн эрх болон
жендер мэдрэмжтэй байдлаар зохицуулж өөрчлөх сэдэл хандлагатай болгож байгаа
юм.
-Хяналтын хуудсыг яаж шинэчилж өөрчилж байна
вэ?
-Хяналтын хуудаст шинэчлэн оруулсан зарим нэгэн шалгуураас
дурдвал:
- Нийтийн эзэмшлийн зай талбайг эко шийдлээр тохижуулж,
сурагчдад зөв дадал төлөвшүүлэхэд сайнаар нөлөөлсөн.
- Эрүүл мэнд, сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх зориулалтыг өрөөг нас, хүйсийн онцлогт
тохируулан хүүхдийн эрх, нэр төрд халдахгүй, жендер мэдрэмжтэй байдлаар зохион
байгуулан тохижуулсан.
- Стандартын шаардлага хангасан урлаг, соёлын болон биеийн тамирын заал, танхим нь нас биеийн онцлог, хүйсийн
ялгамжтай байдалд тохируулан жендерийн
мэдрэмжтэй байдлаар тохижуулсан.
- Хичээлээс гадуурх олон нийтийн болон сургалтын үйл
ажиллагаа явуулах анги танхим, заал, талбай хүрэлцээтэй, Тусгай нөхцөл
шаардлагад нийцсэн орчин нөхцөл бүрдүүлж, тохижуулсан. (6 настай хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан,
эмэгтэй хүүхдэд зориулсан гм).
- Сургууль, дотуур байр болон бусад сургалтын байгууламж нь
ногоон тохижилтой, сурагчдад тав тухтай орчин бүрдүүлсэн, сургуулийн хог хаягдлын хэсэг зөв байршсан,
хогоо ангилан хаядаг дадлыг багш, ажилчид, суралцагчид хэрэглээндээ хэвшүүлсэн.
- Смарт болон цахим хэрэглээний программыг сургуулийн
захиргаа, эцэг эх, сурагчдын мэдээллийн үйл ажиллагаанд ашигладаг, хүүхэд цахим орчинд доромжлуулах, ялгаварлан
гадуурхагдах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдсэн зэрэг болно.
-Энэхүү үйл ажиллагааны үр
дүн, ач холбогдлыг тодруулна уу?
-Дээрх
ажлын хүрээнд сургууль өөрийгөө үнэлэх арга зүйд сурч, байнга тасралтгүй хөгжих
хандлага төлөвшиж байна. Улмаар
аймаг орон нутгийн түвшинд, улсын хэмжээнд Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг
сайжруулах нөхцөлийг бүрдүүлж чадлаа.
Хяналтын хуудаст оруулах өөрчлөлттэй холбоотой асуудлыг
эрэмбэлж сайжруулалт хийхийн тулд нийслэл, орон нутгийн боловсролын улсын
байцаагч нарт
“Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлагын шалгуур үзүүлэлт”-тэй холбоотой
сургалт, хэлэлцүүлэг явуулж байна.
Хяналт
хийхэд тулгамддаг асуудал болон сургалтын байгууллагын эрсдлийг үнэлэхдээ
хүүхдийн эрхийн асуудал, жендер мэдрэмжтэй зохион байгуулалт, байгаль орчинд
ээлтэй сургалтын орчин бүрдүүлэлт, хог хаягдлын зохистой хэрэглээг тусгах
талаар санал солилцон өөрчлөлт хийх шалтгааныг тодорхойлж байна.
Түүнчлэн Тогтвортой
хөгжлийн төлөөх загвар сургуулийн хамт олон төдийгүй, бусад цэцэрлэг, сургууль,
МСҮТ, их, дээд сургуулийн удирдлага, сургалтын
арга зүйч, багш нарыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж,
хяналтын хуудасны агуулгын хүрээг шинэчлэн сайжрууллаа.
Судалгаа харьцуулалт болон хэлэлцүүлгийн явцад
гарсан саналууд дээр үндэслэн боловсруулсан хяналтын хуудсыг БШУ-ны
сайдын энэ
оны 3 сарын 28-ны “Хяналтын хуудас батлах тухай”
А/127 дугаар тушаалаар батлуулан улсын хэмжээнд мөрдөгдөх хүчин төгөлдөр баримт
бичиг болсон нь ач холбогдолыг улам тодорхой болгоод байна.