ЗАВХАН: Халдварт бус өвчлөлөөр өвдөхгүйн тулд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-05-23 13:36:36
Улиастай/МОНЦАМЭ/. “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны хүрээнд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах аянд 17 сум 26 байгууллага нэгджээ.

Дээрх аяныг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргаар батлуулан захирамж гаргаж, иргэдэд эрүүл зан үйлийг хэвшүүлж халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах хоёр сарын аяныг аймгийн хэмжээнд явуулж байна. Аяны хүрээнд түмэн дасгалыг иргэдэд сурталчлах, зааж өгөх, хийж хэвшүүлэх зорилгоор 17 сум 26 байгууллага нэгдэж ажилласан байна.

Өнөөдрийн байдлаар түмэн дасгалыг 3040 хүн сурч, өдөр бүр хийж хэвшээд байна. Мөн аймгийн төвийн буюу Улиастай сумын 24 байгууллагын 528 ажилтан албан хаагчид аянд нэгдэж, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийдэг болжээ.



Сургалт мэдээлэл өгөх, түмэн дасгалыг зааж өгөх сургалтуудын үеэр танита BC-587 маркийн электрон жинлүүр ашиглан биеийн жингийн индексийг тодорхойлон зөвлөгөө өгч байна. Мөн аянд нэгдсэн байгууллагууд албан хаагчдынхаа ажлын байран дахь эрүүл мэндийг дэмжих, эрүүл, зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор олон талт ажлыг зохион байгуулж байна.


Тухайлбал, спорт, бүжгийн клубүүд, мэргэжлийн байгууллагуудтай хамтран тогтмол нэг өдөр спорт зааланд тоглох, ажлын байранд дасгал хөдөлгөөнөөр хичээллэх бололцоог бүрдүүлэх. Ууланд алхах, бүжгийн спортоор хичээллэх, биеийн жингийн индекс тодорхойлох, дасгалжуулагч багш урьж ажиллуулах, бие бялдрын түвшин тогтоох ажлуудыг хийж байна.


“Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд жилийн турш зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн Эрүүл мэндийн газраас удирдлагаар ханган ажиллаж буй.

Аяны хүрээнд "Зөв зохистой хооллолт яагаад чухал вэ", "Өглөөний цайнаас эрүүл мэнд эхэлнэ", "Биеийн жингийн индекс тооцох аргууд", "Илчлэг тооцох аргууд", "Эрүүл бус хүнсний хэрэглээ, хоол хүнсний аюулгүй байдал" гэх мэчлэн чиглэлээр сургалт явуулж, иргэдийг дасгал хөдөлгөөнд уриалж байгаа юм.  



Халдварт бус өвчин гэдэг нь хөдөлгөөний идэвхгүй байдал, буруу хооллолт зэрэг эрсдэлт зан үйлтэй холбоотой. Зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, цусны даралт ихсэх, таргалалт зэргийг халдварт бус өвчин гэдэг.

Олон улсын судалгаагаар дээр дурдсан өвчлөлөөс 40-60 хувь сэргийлэх боломжтой юм. Гэтэл эрүүл мэндийн эрт илрүүлгийн дүнгээр хүн амын дунд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин зонхилон тохиолдож, таргалалт нэмэгдсэнийг тоо баримт илтгэж байна.


Завхан аймгийн хувьд 2022 онд 34420 гаруй хүн халдварт бус өвчлөлөөр эмнэлэгт ханджээ. Харин 2023 онд 48650 гаруй хүн халдварт бус өвчлөлөөр эмнэлэгт хандсан байна. Тиймээс халдварт бус өвчлөлөөр өвдөхгүйн тулд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх хэрэгтэйг иргэн бүрт зөвлөж байна гэж Завхан аймгийн ЭМГ-аас мэдээлэв.  


Эрүүл мэндийн зан үйлийн онолоор эрүүл аж төрөх хэв маягт эрүүл зөв хооллолт 70 хувь, идэвхтэй хөдөлгөөний 30 хувийн харьцаагаар халдварт бус өвчний эрсдэлээс сэргийлж болно гэж үздэг аж.




Холбоотой мэдээ