Давааны тоогоо 2 оронтой болгочихвол Кирибияма озэки цолны болзол хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-24 13:56:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын хаврын тэмцээний түрүү бөх сэкивакэ Кирибияма Нагоя башёгийн 10 дахь өдөр цол ижил Вакамотохарүг котэнагэ мэхээр давснаар качикоши хийлээ. Тэрбээр үлдсэн өдрүүдэд амжилттай барилдаж, давааны тоогоо хоёр оронтой буюу 10 болгочихвол озэки цолны болзол хангана.

Энэ тухайд “Одоо л боломж. Миний сүүлийн боломж мэт бодож озэки цолны төлөө зүтгэнэ. Би ялалтын амжилттай, хоёр оронтой даваа авахыг хүсэж байна” гэж 27 настай Кирибаяма Б.Лхагвасүрэн мэдэгдэж байсан.


Кирибаямагийн хувьд энэ оны эхний башёгоос 11 даваа, гуравдугаар сарын башёгоос 12 даваа тус тус аваад байгаа. Хэрэв Нацү башёгоос 10 даваа авч чадвал озэки цолны болзлоо бүрэн хангаж, гурван башёгоос нийт 33 даваа авна гэсэн үг.

Илүүрхэж, 11 даваа авчихвал бүр найдвартай.


Хэрвээ Кирибияма Б.Лхагвасүрэн озэки цолтой болчихвол “Озэки цол хүртчихээд харих юмсан, Какүрюү аваргын зодог тайлах ёслолд озэки цолтой оролцохсон” гэж ярьж байсан үгс нь биеллээ олж, түүний хүсэл биелэх юм.  


Гэхдээ тайвшрах болоогүй. Түүний өмнө 9 даваа, 1 унаатай яваа Тэрүнофүжи Г. Ган-Эрдэнэ, Асанояма нар байгаа.


Мэдээж хэрэг, дөрвөн тэмцээн дараалан өнжсөн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи олны итгэлийг дахин хүлээж, сайн барилдан түрүүлэхийг зорих нь тодорхой. Өдгөө 31 настай түүний хувьд замналынхаа туршид нийт 16 башёг өнжиж, эсвэл дундаас нь орхижээ. Ялангуяа ёкозүна цол хүртсэнээсээ хойш боломжит арван башёгийн тавыг нь өнжсөн байдаг. Тийм болохоор ёкозүна цолтой болж хүч үзсэн анхны башёдоо түрүүлсэн бүх цаг үеийн 9 дэх аварга бөгөөд Монголын 5 дахь их аварга Тэрүнофүжигийн хувьд энэ башё алдаж болохгүй боломж нь юм.


Мөн маэгаширагийн 14 дүгээрт эрэмбэлэгдэж, зургаан башёгийн дараа дээд зиндаандаа эргэн ирж байгаа Асаноямаг ч орхигдуулах учиргүй. 2021 оны зургаадугаар сард цар тахлын дэглэм зөрчин хатуу шийтгэл амсаж, цолоо алдсан Асанояма ч хүчтэй эргэн ирэхийг хүсэж байгаа нь зүйн хэрэг. Ёкозүна цолонд ойрхон гэгдэж байсан тэрбээр хариуцлагагүй байдлаасаа болж, олон түмний хайр хүндэтгэлийг алдаж, сүмогийн ертөнцөөс арчигдах дөхсөн. Гэхдээ 29 насандаа эргэн ирж чадсанаар барахгүй өнөөдөр башёг манлайлагчдын нэгд тооцогдож байна. 


Холбоотой мэдээ