ТӨВ: Цогт Хунтайжийн хадны бичээс

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-05-26 16:48:31

Зуунмод /МОНЦАМЭ/ Дуутын хад буюу Цогтын хадны бичиг нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байрладаг Цогт тайжийн 1624 онд сийлүүлсэн шүлэгтэй хад юм. Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс урагш 20 гаруй километрийн зайд Төхөм уулын орчим оршдог.

Дуут хад хэмээх нь цохиход ширмэн тогоо шиг хан хийсэн дуу авиа гарах ба гаднаа хар боловч дотроо цагаан саарал өнгөтэй байгалийн өвөрмөц тогтоцтой хад юм. 380 шахам жилийн өмнө бичигдсэн тэр бичээс өчигдөр бичсэн юм шиг тод хадгалагдаж байдаг.


Тус бичээсийг сийрүүлбэл:

Дээр тэнгэр хааны аху хийгээд

Дэлхий дэх хан Богдсын аху газар

Дээр дорын ялгал буй боловч

Жаргал, хайрлал хоёрын агаар нэгэн буй.

Агнистайн агуй дахь бодисадва нар хийгээд

Алтан дэлхий дэх бодь сэтгэлтэн хоёрын

Ахуй газар ангид боловч

Асрах нигүүлсэхийн агаар нэгэн буй.

Энд хан Богдсын сайн түшмэл хийгээд

Эргүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын

Ёс өнгө өөр боловч

Зөв бурууг ялгахын агаар нэгэн буй.

Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд

Уул модонд явагч араатан хоёрын

Аху бие ангид боловч

Алан идэхийн агаар нэгэн буй.

Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд

Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын

Илт бие дүр өөр боловч

Идэхийг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй.

Онон мөрөнд ахуй Халуут эгч минь хийгээд

Орхон Туулд агч өвчит бид хоёр

Халх Онигуудын газар хол боловч

Хайрлан саналцахын агаар нэгэн буй за.

Энэ биендээн эс золголцвоос

Эгүүнээс хойш төрөл тутамдаан

Эх нь гагц хүүхнээн хайрлах мэт

Элдэв үйлээр туслалцах болтугай.

 (Хэрэв энэ насандаа уулзаж эс чадваас дараа дараагийн төрөлдөө эх охин хоёр мэт бие биенээ хайрлан явъя гэсэн санааг хэлжээ)

Энэхүү шүлгийг хулгана жилийн 1624 оны нэгдүгээр сарын 18-нд Дайчин хиа, Гүен баатар хоёр хаданд бичив гэжээ. Энэ бичигт хадны орчимд эртний хадны сүг зургууд олон бий. Энэ чухал дурсгалыг 1971 онд улсын хамгаалалтад авсан байна. Энэ сард Дэлхийн соёлын өвөөр бүртгэгдсэн. 


Эх сурвалж: Төв аймгийн Музей, Монгол орны лавлах


 

Холбоотой мэдээ