ОУХМ Х.Болортуяагийн “Хурднаас хурданг туул” эсээ шалгарч жилийн сургалтын эрхээр шагнуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-27 15:15:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  МҮОХ-ноос нэгэн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулсан нь англи хэл дээр эсээ бичих уралдаан байв. Ер нь олимпын наадамд оролцогч эмэгтэй тамирчдыг идэвхжүүлэх, тэднийг карьерын дараах шилжилтэд бэлтгэх, хувь хүний хөгжил, гадаад хэлний мэдлэгийг сайжруулах зорилгоор энэхүү эсээ бичлэгийн уралдааныг зарласан байна.

“Спорт ба хүйсийн тэгш байдал” сэдэвт энэхүү уралдаанд 20 гаруй тамирчин материалаа ирүүлжээ. Тэднээс тэргүүн байрт “Токио-2020” олимпын наадмын оролцогч, чөлөөт бөхийн ОУХМ Х.Болортуяа “Хурднаас хурданг туул!” эсээгээр шалгарч, англи хэлний бүтэн жилийн ганцаарчилсан сургалтад суух эрхээр шагнуулав.

 

Дэд байрт “Барселона-1992”, “Сидней-2000”, “Афин-2004”, “Бээжин-2008” олимпын оролцогч, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одын “Эмэгтэй тамирчид ба тэгш эрх” эсээ шалгарч, 500 мянган төгрөгийн эзэн болсон бол гуравдугаар байрт цанын ОУХМ, “Турин-2006”, “Ванкувер-2010” олимпын оролцогч Э.Очирсүрэнгийн бичсэн “Цасан сүлдэт хатад” эсээ шалгарч, өргөмжлөл, 500 мянган төгрөгөөр шагнуулжээ.

 

МҮОХ-ноос тамирчдын дунд судалгаа явуулахад англи хэлний мэдлэг чадвар нэн тэргүүнд тулгамдсан асуудал болсон нь тогтоогдсон тул тэргүүн байрын шагналд англи хэлний сургалтын эрх олгосон юм.

Сургалтад хамрагдаж, хэлний мэдлэгээ сайжруулснаар гарах үр дүн нь тэмцээн уралдаанд оролцох үедээ олон улсын сэтгүүлчдийн асуултад чөлөөтэй хариулах, орчуулагчаар дамжуулалгүй өөрийгөө бүрэн илэрхийлэх чадварт суралцаад зогсохгүй ОУОХ болон бусад байгууллагаас тамирчдын дунд зарласан төсөл хөтөлбөрт хамрагдах, дэлхийд алдартай компаниудаас менторын зөвлөгөө үнэ төлбөргүй авах, өөрийн бичил бизнесийг эхлүүлэхэд дэмжлэг авах зэрэг олон гарц нээгдэх боломжтой.


Шагналаа авсны дараа Х.Болортуяа “Өөрийн мэддэг зүйлээ бичих байсан болохоор миний хувьд оролцоход дөхөм байлаа. Токиогийн олимпод оролцсоны дараа эмэгтэй тамирчдын үүрэг, оролцоо чухал юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс өөрийгөө сориод үзэхээр шийдсэн юм.

Нэгдүгээр байрын шагнал англи хэлний бүтэн жилийн ганцаарчилсан сургалт байсан нь оролцох хүслийг улам их төрүүлсэн л дээ. Учир нь надад хамгийн хэрэгтэй зүйл энэ байсан. Тиймээс тэргүүн байрыг нь авна гэж зорьсон. Түүндээ хүрч чадсандаа баяртай байна. Одоо англи хэлээ шамдан сурах болно” гэлээ.

 

Холбоотой мэдээ