Туршилтын бодлогыг цаашид сурах бичигтээ оруулах хэмжээний гэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-05-28 14:57:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадыг эх орондоо зохион байгуулахын төлөө Монгол Улсын бүх физикчид, багш нар, боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд хамтран ажиллажээ.


Монголын физикчдийн дэвшүүлсэн бодлогууд сайн гэж үнэлэгдсэн бөгөөд хэт зөөлдөөгүй, физик санаа сайтай, тооцоолол сайтай, гоё бодлогууд байлаа гэсэн сэтгэгдлүүдийг бусад орны физикчид хэлжээ. Хамгийн гол нь нууцлалаа сайн хангасан, бодлого зохиох, бэлтгэх, томьёолох, хэлэлцүүлж хамгаалах, засах гээд их ажлыг Академик хорооны гишүүд амжилттай гүйцэтгэсэн байна.

Энэ тухай Азийн физикийн олимпиадын Академик хорооны дарга, МУИС-ийн профессор Ц.Ганцогоос тодрууллаа.

Тэрбээр, “Энэхүү олимпиадын бодлого зохиох багийн ахлагчаар ажиллалаа. Бодлогын нууцлал хадгалах үүднээс маш цөөн хүн ажилладаг. Манай багт ШУА, МУИС-ийн нийт таван эрдэмтэн ажилласан. Олимпиадад онолын гурав, туршилтын хоёр бодлогыг зохиосон. Туршилтын бодлогыг манайхан зохиож, багажаа Тайваньд захиалж хийлгэлээ. Монголын багш, физикчид нийт 50 онооны 5 бодлогыг боловсруулан танилцуулахад оролцогч орны багийн ахлагч нар тал талаас нь шүүж хэлэлцэн баталсан. Нийт 50 онооны бодлогыг хамгийн сайн бодсон Хятадын сурагч 33.5 оноо авлаа. Бодлогыг худлаа буруу тавилттай, хөнгөдсөн гэсэн санал гараагүй. Дараа нь Хятад, Израил, Солонгос, Сингапурын эрдэмтэдтэй уулзаж ярилцахад бүгд л “Бодлого сайхан боллоо, сургамжтай бодлого байна. Цаашид сурах бичигтээ оруулах хэмжээний бодлого байна. Туршилтын бодлогын багажийг худалдаж авах саналтай байна” хэмээсэн. Манай улс 2008 онд Азийн физикийн олимпиадыг зохион байгуулж байхад би багийг нь ахалж байсан. Тухайн үед мөн бодлого сайн болсон гэж үнэлэгдэж байсан” гэв.

Азийн физикийн XXIII олимпиадыг зохион байгуулах хүрээнд Монголын физикчид 21 аймаг, 9 дүүргээрээ тойрч, сургалт семинар, хэлэлцүүлгүүд зохион байгуулсан байна. Олимпиадын үйл ажиллагааг аймаг дүүрэг бүрээс тус бүр нэг, нийт 30 багш бүтэн ажиглаж туршлага хуримтлуулжээ.

Холбоотой мэдээ