АРХАНГАЙ: Номын баяраар үнэт, ховор ном, судрын үзэсгэлэнг дэлгэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭрдэнэбулган /МОНЦАМЭ/. “Үндэсний номын баяр–2023” 33 дахь удаагийн өдөрлөгийг энэ жил “Хүүхэд бүр уншигч” уриатай орон даяар тэмдэглэн өнгөрүүлж буй. Архангай аймгийн тухайд тус баярыг өнөөдөр зохион байгуулж, номын худалдаа, эко автобустай аялал, ахмадуудын дунд “Багадаа уншсан ном” хэлэлцүүлэг зэргийг зохион байгууллаа.
Номын баярын өдрөөр МСҮТ, хувь хүн, ХБИ-ийн холбоо, ЕБС-иудын сурталчилгаа, өртөөчилсөн хөгжөөнт тоглоом, номын болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн худалдаа бүхий “Номтой хотхон”, номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй үнэт, ховор болон хуучны ном, сонин, хэвлэл, уран бичлэгийн үзэсгэлэн гарсан байв.
Мөн Нийтийн номын сангаас “Уншаад урагшлахуй-Цахим орчны зохистой хэрэглээ” ном уншлагыг сурталчлах, сэдэлжүүлэх сургалтыг сургуулийн дунд, ахлах ангийнханд, “Үлгэрээс үлгэрлэе” Монголын болон дэлхий дахины сонгодог үлгэрүүдээр сургуулийн бага ангийнханд уншлага хийх зэргийг насны онцлогт тохируулан зохион байгууллаа.
Эл өдөр шинээр үүд хаалгаа нээсэн “Өлзий-Pixel Gallery” номын дэлгүүр хүүхдийн танин мэдэхүй, үлгэр, өгүүллэг, комик болон буддаг номууд, сургуулийн хүүхдүүдийн заавал унших жагсаалтад орсон ном зэрэг 130 гаруй төрлийн номыг дэлгэн, худалдаалж байв. Би шинээр байгуулсан номын дэлгүүрийг онцлов.
Архангай аймагт анх удаа номын дэлгүүр хэмээн төрөлжүүлж нээсэн уг дэлгүүр нь одоогоор 600 гаруй номыг эргэлтэд оруулж байна. Худалдахаас гадна номын уншлагын булантай бөгөөд тэндээ ямар ч насны хүмүүс ном уншиж болдгоороо онцлог юм.
"Өлзий-Pixel Gallery” номын дэлгүүр номын худалдаа, ном сууж унших, өөрсдөө бэлгээ хийж, бэлэглэх боломжтойгоос гадна 14 хоног тутам номд дурлагсдын уулзалтыг “Ном бол цөм” номын клубтэй хамтран зохион байгуулж байна.
Мөн оюун ухааны тоглоомын худалдаа гээд хүний оюун ухааныг тэлэх, сэтгэн бодох чадварт нөлөөлсөн бүхий л үйл ажиллагааг явуулж эхэлжээ.
Дараагийн онцлох зүйл бол аймгийн
Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдийн номын санд хадгалагддаг монгол бичгээр бичсэн эх бичвэрүүд, судар, төвөд бичгийн зарим бичвэрийг дэлгэсэн байв.
/ Ши Гүн И-гийн бичиг /
Монгол бичгээр бичсэн Ши Гүн И-гийн бичиг буюу Жидан Богдын намтрын 25-р дэвтрийг дэлгэжээ. Энэ нь тухайн үеийн монголчуудын оюун санааны гэрэл гэгээ болсон туужууд багтдаг байна.
/ Саран хөхөөны намтрын эх гар бичмэл /
Мөн Бодь сэтгэлт Саран хөхөөны намтрын эх гар бичмэл нь Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдэд хадгалагддаг байна. Монголчууд Ноён худагт Данзанравжаагийн театрчилсан үзүүлбэрээр нь сайн мэддэг аж.
Дараагийн онцлох үйл явдал нь Лаборатори 1 дүгээр сургуулийн багш Ц.Цэрэнбалжид ахмад багш С.Очирпүрэвтэй хамтран Монголын нэн эртний, ховор, гар бичмэл "Уран Тангараг хаан Хятадын хааны охиныг залсан тууж оршвой" монгол судрыг орчин цагийн монгол бичигт хөрвүүлснийг баринтаглажээ. Ц.Цэрэнбалжид багш тус номыг төрөлх сургуулийнхаа 100 жилийн ойд зориулж ийнхүү шинэчлэн гаргажээ.