АРХАНГАЙ: Цагдаагийн болон Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүллээ

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2023-05-29 11:21:15

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг давтах ёслолын үйл ажиллагаа энэ амралтын өдөр боллоо. Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд ЦЕГ-ын төлөөлөл, аймаг орон нутгийн удирдлагууд болон цэрэг, хууль сахиулах байгууллагын удирдлага, алба хаагчид, ахмадууд оролцож, туганд хүндэтгэл үзүүллээ. 


ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар албаны үйл ажиллагааг сурталчлах, алба хаагчдын албандаа итгэх итгэл, албаараа бахархах, урам зоригийг сэргээх, өсвөр үе, хүүхэд залуучуудад тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, түүх соёлоо хайрлан хамгаалах, эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилгоор алба хаагчдын бахархал, үнэт зүйл болсон Цагдаагийн болон дотоодын цэргийн байлдааны тугийг 21 аймгаар ийнхүү тойрон аялуулж цэнгүүлэх, хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг давтах ёслолын үйл ажиллагаа Архангай аймагт ийнхүү хаалтаа хийлээ.


Энэ ёслолд 21 аймаг, Нийслэлийн есөн дүүргийн 12000 албан хаагч хүндэтгэл үзүүлж, оролцсон байна. Энэ үйл явдал нь Архангай аймгийн 100 жилийн ойн өмнө болж буйгаараа онцлог байлаа.


Тугийг 1992 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардаж авснаас хойш туг шинэчлэгдээгүй өнөөг хүрчээ. Улмаар Цагдаа, дотоодын цэргийн ахмадын зөвлөл санаачлан 21 аймгийн 200 гаруй сумаас 330 гаруй адууны дэл, сүүл цуглуулан тугийг шинэчлэн сэлбэжээ.


Цагдаагийн байгууллагын туг нь бие бүрэлдэхүүний сүр жавхлан, яруу алдрын илэрхийлэл, сүслэн дээдлэх ариун шүтээн, 

оройн сүлд, золбоо хийморийн бэлгэдэл, Дотоодын цэргийн цагаан арслан бэлгэдэл нь эр зориг, сүр хүч, цог хийморь, мандан 

бадрахын илэрхийлэл аж.


Цагдаагийн байгууллагын 100 гаруй жилийн түүхэнд Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаар ингэж тугийг аялуулж байгаагүй ба албандаа 20, 30 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан ч оройн дээд шүтээн болсон тугаа харж байсан алба хаагч маш ховор байдаг байна. Тиймээс энэхүү аялал, ёслолын ажиллагааг зохион байгуулснаар алба хаагчид тугандаа хүндэтэл үзүүлэх, албаараа бахархах, ажил албандаа хандах хандлага нь сайжрах цаашлаад цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах нэг ажил болж байгаа юм.