ЗАВХАН: Эцэг эхчүүд хүүхдийнхээ насанд тохируулж нөхөн үржихүйн талаар ярилцах хэрэгтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн Хүүхдийн тасгийн өсвөр үе,
залуучуудын кабинет давхардсан
тоогоор 290 гаруй өсвөр үеийнхэнд үзлэг, шинжилгээ хийж, зөвлөгөө мэдээлэл өгчээ.
Тухайлбал, урьдчилан сэргийлэх үзлэгт Хөгжим бүжгийн сургууль, ерөнхий боловсроын Жавхлант цогцолбор сургуулийн дотуур байрны 150 гаруй хүүхэд хамрагджээ.
Харин амбулатороор нийт 62 өсвөр насныхан үйлчлүүлж, шинжилгээнд хамрагдсанаас 24.1 хувь нь сарын мөчлөг өвдөлттэй ирэх хам шинжтэй, 9.6 хувь нь давсгийн үрэвсэлтэй, 29 хувь нь үтрээний үрэвсэлтэй байна. Мөн 1.6 хувь нь өндгөвчний тодорхойгүй уйланхайтай, 1.6 хувь нь бэлгийн бойжилт эрт эхлэх хам шинжтэй, харин 17.7 хувь нь эрүүл байна.
Мөн анги хамт олноороо ирж эрүүл мэндийн үзэлэг,
шинжилгээнд хамрагдаж зөвлөгөө мэдээлэл авдаг. Тавдугаар сарын байдлаар 61 хүүхэд ангиараа ирж зөвлөгөө авсан байна. Өсвөр
үеийнхний сэтгэлзүйн тусламж, үйлчилгээ, жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн
боловсрол, сарын мөчлөгийн алдагдал гэхчлэн зөвлөгөө мэдээллийг кабинетаараа
дамжуулан өгдөг. Жилд давхардсан тоогоор нийт 3200 гаруй хүүхдэд сургалт мэдээлэл өгдөг. Түүнчлэн ганцаарчилсан
уулзалтыг хийдэг бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 23 хүүхэд ганцаарчлан уулзаж зөвлөгөө авчээ.
Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн Өсвөр үеийн зөвлөгөө мэдээлэл өгөх кабинетын
Өсвөр үеийн эмч О.Одонцэцэг:
Бэлгийн амьдралтай холбоотой мэдлэгийг эцэг, эхтэйгээ нээлттэй ярилцдаг байгаасай
-Өсвөр
үеийнхний бэлгийн боловсрол гэж юу вэ?
-Өсвөр үеийнхэн, залуучуудын заавал мэдэх хэрэгтэй, амьдралын чухал, салшгүй нэг хэсэг бол бэлгийн амьдрал, бэлгийн боловсрол. Бэлгийн боловсролын талаар мэдлэгтэй байснаар насан туршдаа өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах дадал, хэвшилтэй болж чадна.
Бэлгийн боловсрол нь зөвхөн бэлгийн болон нөхөн үржихүйн
эрүүл мэндийн мэдлэг биш. Бэлгийн боловсрол нь маш өргөн хүрээтэй ойлголт юм.
Нөхөн үржихүй, бэлгийн эрүүл мэндийн мэдлэг ойлголтоос гадна хүний хөгжил,
дотно харилцаа, мэдрэхүй ба бэлгийн зан үйл, бэлгийн хүчирхийлэл гэсэн мэдлэг
ойлголтуудыг багтаадаг. Өсвөр насны хүүхдүүд бие махбодын хөгжил, хүмүүс
хоорондын харилцаа хамаарал, сэтгэл зүй болон бие физиологидоо гарч буй
өөрчлөлтүүдийнхээ талаар урьдчилан мэдэж, ирээдүйд гарах сөрөг үр дагавраас
өөрийгөө хамгаалах, бэлгийн амьдралтай холбоотой мэдлэгийг эцэг,
эхтэйгээ нээлттэй ярилцдаг, мэддэг байх ёстой.
Манай эцэг эхчүүд хүүхдийнхээ насанд тохируулж нөхөн үржихүйн талаар ярилцах хэрэгтэй юм. Хүүхэд эцэг эхийн хайран дундаас бий болдог.
Эцэг эхчүүд маань хүүхдээ эрүүл саруул өсгөх, амьдарч буй орчин нөхцөл нь нийгмийн ямар нэг ялгаварлан гадуурхалгүй аятай тухтай байх, сурч хөгжиж боловсроход нь багаас нь анхаарч хариуцлагатай өсгөх учиртай. Хүүхэд тань ч бас ирээдүйд эцэг, эх болно гэдгийг ойлгох хэрэгтэй.
Ялангуяа шилжилтийн
нас буюу 12-оос дээш насны хүүхдийн бие махбод болон сэтгэл зүйд нь олон янзын
өөрчлөлт явагдаж байдаг учраас юмыг таньж мэдэх, аливаа зүйлсийг айж
түгшилгүйгээр хүлээн авах боломж, таатай орчин нөхцөл, уур амьсгалыг эцэг
эхчүүд маань бүрдүүлж өгөх хэрэгтэй. Өсвөр үеийнхэн дунд бие биенээсээ мэдээлэл
зөвлөгөө авах нь их. Зарим тохиолдолд буруу мэдээлэл аваад айдас түгшүүрт ордог.
Тиймээс эхлээд эцэг, эхээсээ асууж, илэн далангүй ярилцах хэрэгтэй юм. Буруу
асуулт гэж байхгүй. Тиймээс би буруу юм асуучих вий гэж санаа зовох хэрэггүй.
Харин ч чөлөөтэй ярилцаж, асуудлуудыг
хамтдаа шийдвэрлэх нь хамгийн чухал гэдгийг хүүхдүүдэдээ ойлгуулах хэрэгтэй.
Эцэг, эхчүүдийн хувьд өсвөр насны хүүхэдтэйгээ харилцах, ярилцах талын мэдлэг
ур чадварууд дутуу байгаа харагддаг. Бас эрүүл мэндийн боловсрол муу байна.
Эрт бэлгийн харьцаанд орохын сөрөг нөлөө юу вэ?
-Хүүхдийн өсөлт хөгжил дутуу явагдах, сэтгэл зүйн ямар нэг өөрчлөлт асуудалд орох, БЗХӨ, хүсээгүй жирэмслэлтэд өртөх тохиолдлууд гардаг. Аль болох эрт бэлгийн харьцаанд орохоос тэвчих хэрэгтэй. Тэвчих гэдэг нь усанд орж байхдаа гар хангалга хийх ч юм уу. Гар хангалга хийх гэдэг нь тухайн хүүхдийн биеийн өсөлт хөгжил, бэлгийн таашаал авах байдалд ямар нэгэн сөрөг нөлөөгүй гаж, муу зүйл биш. Өөрөө л хүсээгүй бол “Үгүй” гэж хэлж чаддаг байх хэрэгтэй.
Дахиад хэлэхэд бэлгэвч бол соёлтой хүний халаасанд байж байх хэрэгтэй зүйл юм. Бэлгэвч аваад, хадгалаад явж байна гэдэг тухайн хүүхэд зөв зан үйлийг эрхэмлэж байгаа нэг хэлбэр юм.
Бэлгийн амьдрал бол ерөөсөө л харилцаанаас
үүдэлтэй. Хийж байгаа үйлдэл бүртээ хариуцлагатай байх хэрэгтэй. Бэлгийн
харьцаанд оръё гэж зөвшөөрсөн бол энэ харьцаанд орсноороо би жирэмсэн болох,
БЗХӨ авах эрсдэлтэй шүү гэдгээ ухаарч, нөгөө хүнээ эрүүл эсэхийг асууж шалгаж,
зөв шаардлага тавьж байж дотно харьцаанд орох хэрэгтэйг өсвөр үеийн хүүхдүүд
мэддэг байх хэрэгтэй.
Сэтгэл зүйн хувьд хүүхдээ хэрхэн бэлтгэх вэ? Эцэг
эхчүүдэд юу гэж зөвлөх вэ?
-Хүүхдийн тань бие физиологид гарч байгаа өөрчлөлтүүд хүн
бүрт л тохиолддог, тиймээс битгий санаа зовоорой гэдгийг хүүхдэдээ эртнээс хэлж ярилцаж байгаарай. Хүмүүс
мэдээллийг маш олон сувгаар авч байна. Тиймээс маш цензуртай хандаж байж
амьдралдаа хэрэгжүүлээрэй. Бусдын дарамт шахалтад орохгүй, өөрийгөө
хамгаалахын тулд зөв мэдлэг мэдээлэлтэй байх, эцэг эх хүүхэд хоорондоо нээлттэй
ярилцаж, зөв хэв маягийг амьдралдаа хэвшүүлж сурах хэрэгтэй. Хийж байгаа үйлдэл
бүртээ хариуцлагатай хандаж чадвал өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой юм.