Анагаах ухааны Нобелийн шагналтнууд тодорлоо

Дэлхийд
jargal@montsame.mn
2015-10-06 10:42:21

СТОКГОЛЬМ. /TASS/. Энэ жилийн анагаах ухаан, физиологийн салбарын Нобелийн шагналыг Америкийн шимэгч хорхой судлаач Уильям Кемпбелл, Японы микробиологич Сатоси Омура нар хүртэхээр боллоо. Шагналыг мөн Хятадын уламжлалт анагаах ухааны эмч Юю Ту хуваалцана.

Шимэгчээс үүдэлтэй хүний өвчнийг эмчлэх шинэ арга боловсруулсных нь төлөө эрдэмтдэд энэ нэр хүндтэй шагналыг олгохоор болсон байна. Сатоси Омура хамгийн ирээдүйтэй биологийн идэвхт бүрэлдэхүүн хэсгүүдийг сонгон, нянгийн шинэ стрептомицетуудыг Японы хөрсөнд хайжээ. Харин шимэгч судлаач Уильям Кемпбелл Омаругийн ургуулсан нянгуудыг судалж, тэдгээрийн нэг нь /Streptomyces avermitilis/ хүн, малын шимэгч хорхойн эсрэг маш үр дүнтэй болохыг тогтоожээ. Эрдэмтэд эдгээр бичил биетийн биологийн идэвхт бодисын үндсэн дээр авермектин эмийг гарган авсан байна. Улмаар илүү үр дүнтэй ивермектинийг гарган авчээ. Эдгээр эмийн ачаар хоёр хүнд өвчин болох шимэгч филяри гэдэг өт хүний нүдний ухархайд нэвтрэн амьдарч эцэст нь сохор болгодог онхоцеркоз болон шимэгч хорхой үе мөчинд орж өвчлүүлдэг зааны өвчнийг анагаах боломжтой болсон байна.

Хятадын эмч Юю Ту судалгаагаа 1960-аад оны сүүлээр, соёлын хувьсгалын үед эхлүүлжээ. Тухайн үед хятадууд Вьетнамын хойд нутагт АНУ-тай тэмцэхэд тусалж байсан боловч цэргүүд хумхаа өвчнөөр фронтод нас барж байв. Хумхаа өвчинтэй тэмцэх уламжлалт арга тийм ч үр дүнтэй биш байсан учир Хо Ши Миний хувийн хүсэлтээр Мао Зэдун шинэ эм гарган авах нууц төсөл боловсруулжээ. Тэгэхэд Юю уламжлалт эмчилгээ хариуцсан салбарын даргаар томилогдсон байна. Тэрбээр уламжлалт эмчилгээний 240 жор цуглуулж, лабораторийн хулгануудад туршжээ. Туршилтын дүнд артемизинин гэдэг бодис агуулдаг “Artemisia annua” /нэг наст шарилж/ гэдэг ургамал хамгийн үр дүнтэй байсан байна. Чухам энэ бодис хумхаагийн шимэгчийг эрт үед нь устгаж байсан бөгөөд хумхаа өвчний орчин үеийн эмийн үндэс болжээ.

Энэ жилийн анагаах ухаан, физиологийн салбарын Нобелийн шагналд 327 эрдэмтэн нэр дэвшсэнээс 57 нь анх удаа нэр дэвшсэн байна.

Уламжлал ёсоор шагнал гардуулах ёслол Альфред Нобелийн нас барсан өдөр буюу 12 дугаар сарын 10-нд Стокгольмд болно.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд