Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийхээр товлосон болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийн эхэнд танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн зүгээс оруулж ирсэн анхны төслөөр бол “УИХ нь нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн 76-г мажоритар аргаар, 76-г пропорциональ аргаар сонгоно” хэмээн тусгасан юм. Хуулийн төслийн нэг болон хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах үеэр сонгогчдоос гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байв.
Дараагийн шатанд “УИХ нь нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоогоор явуулна. Далан зургаан гишүүнийг олныг төлөөлөх, 50 гишүүнийг хувь тэнцүүлэн хуваарилах сонгуулийн аргын үндсэн дээр сонгоно” гэсэн санал дээр тогтоод байсан ч дахин шинэ зохицуулалт орж ирсэн юм. УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаас гишүүдийн тоог 126 байх нь зүйтэй. Ингэхдээ 78 нь можаритор, 48 нь пропорциональ тогтолцоогоор сонгогддог байхаар ярилцаж тохирсон.
Хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгээр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж буй. Гишүүдийн зарим нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй гэдгээ хэлж байгаа бол зарим нь дэмжиж буй ч асуудалд нухацтай хандах хэрэгтэй гэцгээж байна.