Хятадын эрдэмтэд квант харилцаа холбооны шинэ дээд амжилт тогтоов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-05-31 16:31:08

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын эрдэмтэд өндөр хурдтай квант түлхүүрийн түгээлтийн (Quantum Key Distribution/QKD) технологийг ашиглан 1002 км урттай шилэн кабелиар өгөгдөл дамжуулж, дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна.


Хятадын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Жинаний Квантын технологийн хүрээлэн, Шанхайн микросистем, мэдээллийн технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн мэдээлснээр, ийм зайд секундэд 0.0034 бит хурдтайгаар мэдээлэл дамжуулсан байна. Тэдний ололт амжилтын талаарх цуврал нийтлэл “Physical Review Letters” сэтгүүлд нийтлэгджээ.

 

Өмнө нь харилцаа холбооны ийм технологийг ашиглан мэдээлэл дамжуулсан хамгийн хол зай нь 830 км байв. Сүүлийн жилүүдэд уламжлалт электроникт суурилсан холбоо харилцааны сонгодог системүүд хүчин чадлынхаа хязгаарт тулаад байгаа юм. Тиймээс дэлхийн эрдэмтэд физикийн өөр зарчмуудад тулгуурлан төхөөрөмжүүдийг судалж, хөгжүүлж байна.


Тэдгээрээс хамгийн ирээдүйтэй чиглэл нь оптик диапазоны цахилгаан соронзон долгионыг ашиглан дохио үүсгэх, дамжуулах, боловсруулах арга замыг судалдаг фотоникийн салбар юм.


Одоо фотоникийн цар хүрээ нэлээд өргөжиж, хэт өргөн зурвасын богино долгионы дохиог (радио фотоник) үүсгэх, дамжуулах, боловсруулах системүүд, түүнчлэн өгөгдөл дамжуулах, боловсруулах квант системүүд (квант фотоник) бий болжээ.

Холбоотой мэдээ