“Эрүүл монгол хүн” үндэсний фестиваль болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний фестиваль Д.Сүхбаатарын талбайд боллоо.
“Эрүүл монгол хүн” фестиваль нь олон нийтийг эрүүл амьдралын зан үйл, идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах, нийтийн эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлэхэд иргэдийн оролцоо, салбарын уялдааг хангах зорилготой байв.
Иргэд нийтийн биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим холбооны үйл ажиллагаа, нийтийн дасгал, хөдөлгөөн, нийтийн спортын чиглэлээр мэдээ, мэдээлэл авч, үнэ төлбөргүй сургалтад хамрагдлаа.
Мөн эрүүл мэндийн суурь үзүүлэлтээ үнэгүй тодорхойлуулж, эрүүл, зөв зохистой хооллолт, эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах зөвлөмж, мэдээлэл авсан юм.
Үндэсний фестивалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран орон даяар зохион байгууллаа.