ЗАВХАН: Аймгийн 24 суманд соёлын цогц үйл ажиллагааг явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-06-02 13:27:18

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт “Соёлын сэргэлт 2023” аян амжилттай үргэлжилж байна.

"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх. Соёлын салбарын ажилтнуудыг чадавхжуулах, иргэдэд хүргэх соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү аян Завханы 24 суманд 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл үргэлжилнэ.


Орон нутгийн иргэдэд зориулсан соёл, гэгээрлийн лекц, илтгэл, чадавхжуулах сургалт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн болон соёлын биет бус өвийн үзэсгэлэн, номын өдөрлөг, урлагийн тоглолт зэрэг олон талт соёл, урлагийн үйл ажиллагаа Отгон суманд боллоо.



Чойжин ламын сүм музейн эрдэм шинжилгээний ажилтан М.Дарханчимэг ахлагчтай багийнхан “Соёлын сэргэлт 2023” аяны үйл ажиллагааг Отгон суманд явуулж 300 гаруй иргэн хамрагджээ.    

“Монголчуудын нэгдмэл үнэт зүйл-монгол соёл” сэдвээр ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, урлаг судлаач Ц.Гүнчин-Иш сумын иргэдэд соён гэгээрлийн илтгэл танилцуулж, сумын Соёлын төвийн удирдлага, нийт ажилтнуудад “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” сэдэвтэй чадавхжуулах сургалтыг хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.  



Мөн Отгон сумын ерөнхий боловсролын сургуулийн 9-12 ангийн нийт 90 гаруй сурагч музейн “Цам”, “Мандала”, “Өлзийт найман тэмдэг” сэдэвт урлагийн боловсролын хөтөлбөрт хамрагдаж, сүүлийн үеийн дэвшилтэт төхөөрөмж болох VR виртуал музейг үзжээ.


Үйл ажиллагааны төгсгөлд, Монгол Улсын Үндэсний урлагийн их театр, Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид болон Отгон сумын ардын авьяастнуудын хамтарсан тоглолтыг зохион байгуулсан тухай аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв.

Улиастайнхан монгол дээлээр ижилсэж соёлын үйл ажиллагаанд оролцов

Завхан аймгийн төв, Улиастай хотод, "Соёлын сэргэлт-2023" аяны нээлтийн үйл ажиллагаанд 2500 орчим хүн оролцлоо.

Аймгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаанд уламжлалт ёс заншил, өв соёлоо түгээн дэлгэрүүлж буй 50 гаруй өвлөн уламжлагч оролцож, эдгээр үзэсгэлэн, соёлын өвийн бүтээлүүдийг 920 гаруй хүн үзэж сонирхжээ. 







Мөн соёл урлагийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг болж, иргэд энэ өдөр уламжлалт өв соёлоос гадна, уран зураг, бий биелгээ, шүлэг яруу найргийн тоглолтуудыг үзэж сонирхов.


Хамгийн сонирхолтой үзмэрүүдийн нэг нь Чойжин ламын сүм музейн сор бүтээлүүдийн “Мандала” гэрэл зургийн үзэсгэлэн байв. Учир нь улсын хэмжээнд зохион байгуулж буй энэ аяны гол ажил нь Улиастай суманд музейн урлагийн боловсролын хөтөлбөрийг зохион байгуулсан ажил юм. Энэ боловсролын хөтөлбөрийн хүрээнд Авдартай музей, Мандала, Цам, Үйчүүр зэрэг уламжлалт тоглоом наадгай, ховор зураг, үзмэрүүдийг дэлгэн тавьсан.


Урлагийн боловсролын хөтөлбөрт Улиастай сумын Ерөнхий боловсролын “Чандмань эрдэнэ” сургууль, “Жавхлант” цогцолбор, “Дэвшил” сургууль, Монгол Улсын гавьяат багш Алтангэрэлийн нэрэмжит 3-р сургууль, 4-р сургуулийн нийт 410 гаруй сурагч хамрагдлаа. Эдгээр хүүхдүүдэд сүүлийн үеийн дэвшилтэт төхөөрөмж болох VR виртуал музейг үзүүллээ.





Соёлын байгууллагуудын барилга байгууламжтай танилцав

“Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын баг Улиастайд ажилласан.

Энэ үеэр ажлын баг Завхан аймгийн ИТХ-ын дарга Н.Тамиртай уулзаж, төрөөс соёлын салбарт хэрэгжиж буй бодлого, шийдвэр, соёлын байгууллагуудын барилга, байгууламжийг шинэчлэх. Соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилтан, албан хаагчдын ажиллах орчныг сайжруулах талаар санал солилцсон юм.


Уулзалтад СБХЗГ-ын дарга Д.Наранцэцэг, Завхан аймгийн СУГ-ын дарга М.Нямдорж, Чойжин лам музейн захирал Д.Отгонсүрэн, УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, МУУГЗ Н.Наранбаатар, Соёл судлалын ухааны доктор (Ph.D), профессор Ж.Долгорсүрэн, МУАЖ Ч.Мөнхшүр нар оролцлоо.



Мөн Соёл урлагийн салбарын ажилтан албан хаагчидтай уулзалт хийж, санал хүсэлтийг нь нээлттэй хүлээн авч ярилцсан. Мөн үеэр он дамжин барьж буй Завхан аймгийн Хөгжимт Жүжгийн театрын барилгын явцтай танилцаж, тодорхой мэдээллүүдийг авсан гэж аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв.



Улиастай сумын Засаг дарга, хотын захирагч Ч.Наранбатын А/137 дугаар захирамжаар “Соёлын сэргэлт-2023” аяны үйл ажиллагаанд монгол үндэсний дээл хувцас өмсөж оролцохыг байгууллагын албан хаагчид болон сумын нийт иргэдэд уриалга гаргасан нь онцлог байв.


“Соёлын сэргэлт-2023” аяны нээлтийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” шүлгийг Улиастай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 100 суралцагч уншиж эхлүүллээ.


"Соёлын сэргэлт-2023" аяны хүрээнд “Завханы өглөө” эртэч уулзалт зохион байгуулж 50 гаруй хүн оролцлоо.

Завхан аймгийн Төв номын сан, “Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөл”-ийн залуусын өглөөний уулзалтад,  идэвхтэн уншигчид, номын хорхойтнуудаас гадна Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг, УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, МУУГЗ Н.Наранбаатар, Соёл судлалын ухааны доктор (Ph.D), профессор Ж.Долгорсүрэн, Завхан аймгийн Соёл, урлагийн газрын харьяа байгууллагын төлөөллүүд оролцсон. Мөн Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн оролцож идэвхтэн уншигчидтай уулзаж, чөлөөт ярилцлага өрнүүлэн ном солилцох ажлыг явууллаа.

Онцлох соёлын элч


"Соёлын сэргэлт-2023" үйл ажиллагааны онцлох өвлөн уламжлагч нь Улиастай сумын иргэн Н.Норжмаа байв.

Тэрбээр “Өв соёлоо өлгийдье” аяныг аймагтаа хэрэгжүүлж 10 мянга гаруй ном судрыг баринтагласан номын цагаан буянтан аж. Дэлхийд маш ховорт тооцогдох модон бараар хэвлэсэн, алт, мөнгө, есөн эрдэнээр бичсэн, Энэтхэг, Төвөд, Монгол гэхчлэн олон улсын гайхамшигт мэргэдийн зохиосон, орчуулсан түүхийн хосгүй үнэт өв, ном сурвалжууд Монголд хадгалагдан байдаг.


Эдгээр соёлын үнэт өв, түүхэн сурвалжуудын зарим хэсэг нь урт хугацааны явцад хадгалан хамгаалах, баринтаггүй болон баринтаг нь хуучирч элэгдэж буй өнөө үед Завхан аймгийн “Боролдой” номын дэлгүүрийн эзэн Н.Норжмаа аймгийн ЗДТГ, Утга зохиолын нэгдэлтэй хамтран 2018 онд “Өв соёлоо өлгийдье 8888” аяныг хэрэгжүүлж номын баринтаг цуглуулжээ.

Түүний санаачилсан энэ аянд Завхан аймгийн бүх төрийн байгууллага, сумын иргэд оролцож баринтаг оёж, үндэсний номын санд 10 мянга 400 орчим баринтаг хандивласан байна. Нүүдэлчин монголчуудын түүх, соёлын тухай мэдлэг, мэдээллийг тээсэн соёлын үнэт өвийг баринтаглан хадгалах нь ирээдүй хойч үе, судлаач, эрдэмтэн мэргэдэд оруулж буй том хөрөнгө оруулалт юм.


Тэрбээр аймагт номын дэлгүүр байдаггүй, хүүхдүүд хотоос хүссэн номоо захиалан авч уншиж чаддаггүй байсан учраас номын дэлгүүр нээн ажиллуулаад 9 жил болж байгаа аж. Бидний өвөг дээдэс арван цагаан буяны нэгд ном бүтээх, номыг хувцаслах зэрэг орно хэмээн хойч үедээ сургаж, ном судраа оройдоо залан, хүндэтгэсээр ирсэн ард түмэн. Тиймээс номын цагаан буянтан Завхан аймгийн Улиастай сумын иргэн Н.Норжмааг Завхан аймгийн соёлын элчээр онцолсон тухай Соёлын сэргэлт-2023 аяны Завхан аймаг дахь ажлын хэсгээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ