Фредди Меркюүри “Bohemian Rhapsody” дуугаа анх "Mongolian Rhapsody" гэж нэрлэж байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-06-02 14:34:13

НЬЮ-ЙОРК. /People/. Их Британийн домогт “Queen” хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркюүри “Bohemian Rhapsody” дуугаа анх “Mongolian Rhapsody” (“Монголын  уран аялгуу”гэж  нэрлэж байжээ. 


1991 онд 45 насандаа таалал төгссөн тэрбээр хамтлагийнхаа хамгийн алдартай дууг анх ингэж нэрлэж байсныг Лондоны “Sotheby's” дуудлага худалдааны ордонд дэлгэсэн түүний дууных нь ноорог нотолж байгаа ажээ. 


Арваад жилийн өмнө үйл ажиллагаагаа зогсоосон “British Midland Airways” агаарын тээврийн компанийн тэмдэглэлийн дэвтрийн 15 хуудсан дээр хар, хөх өнгийн үзэг, харандаагаар бичсэн Меркюүригийн классик рок урсгалын энэхүү дууны ноорогт "Монголын" гэдэг үгийг дарж, оронд нь "Bohemian" гэж бичсэн байжээ.


Хэдийгээр Меркюүри хит дууныхаа нэрийг яагаад өөрчилснийг ноорог дээрээ бичээгүй ч "Bohemian Rhapsody" нь АНУ-д 10 сая гаруй удаа, дэлхий даяар “Spotify” болон “YouTube”-ээр 4 тэрбум гаруй удаа цацагдсан байна. Энэхүү гар бичмэлд “Queen” хамтлагийн "Don't Stop Me Now", "Somebody to Love", "We Are the Champions" зэрэг алдартай дуунуудынх нь ноорог ч бас байгаа аж.  


Фредди Меркюүригийн 1980 онд Лондонд худалдаж авсан “Garden Lodge” байшинд хадгалагдаж байсан энэхүү ноорог нь есдүгээр сард Лондон хотноо дуудлага худалдаанд орох тоглолтын хувцас, гэрийн тавилга, уран зураг зэрэг нийт 1500 эд зүйл бүхий, "Freddie Mercury: A World of His Own"  нэртэй цуглуулгын нэг хэсэг юм. 


Уг цуглуулгын зарим эд зүйлийг зургаадугаар сарын 1-8-ны хооронд Нью-Йорк дахь "Sotheby's"-ийн дуудлага худалдаанд анх удаа тавих бөгөөд дараа нь Лос-Анжелес, Хонконгт дуудлага худалдаанд оруулсныхаа дараа наймдугаар сард Лондон руу буцна.


Дуунуудынх нь ноорог 250-400 мянган ам.доллар, “Queen” хамтлагийн хамгийн сүүлчийн аялан тоглолтын үеэр "God Save the Queen" дууг дуулахдаа өмсөж байсан Меркюүригийн титэм, хувцас 75-100 мянган ам.долларт хүрнэ гэж “Sotheby's” тооцоолж байгаа бөгөөд дуудлага худалдаанаас олсон орлогын зохих хувийг ХДХВ/ДОХ-той тэмцэх буяны байгууллагууд болох “Mercury Phoenix TrustElton John Aids Foundation” сангуудад хандивлах аж. 

Холбоотой мэдээ