Гимнастикч Х.Ундрам ДАШТ-ий эрхээ авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Филиппиний нийслэл Манилад уран сайхны гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
"All-Around"-ын финалд Узбекистан, Казахстан, БНХАУ, Япон, Филиппин, Малайз, БНСУ, Тайвань, Сингапур, Тайланд, Монгол гэсэн 11 орны тамирчид шалгарсан бөгөөд шигшээ шатанд ОУХМ Х.Ундрам 99.75 оноо авснаар насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Тэрбээр өнгөрсөн жил ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож, 73.600 оноогоор насанд хүрэгчдийн ангиллын олон төрөлтийн шигшээд шалгарсан юм.
Түүний хувьд ДАШТ-д гурав дахь удаа оролцох болсон нь энэ. Тэрбээр урьд нь 2019 онд Азербайжаны Бакуд, 2022 онд Болгарын Софид тус тус эрхээ авч оролцож байсан юм.