ХЭНТИЙ: "Зөвд уриалъя, Зөвлөлдөж шийдье” уулзалтыг өнөөдрөөс эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-06-05 20:08:54
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт өрнөж буй үйл явдлууд, бүтээн байгуулалт, 100 жилийн ойн бэлтгэл ажлын талаар иргэдэд мэдээлэл өгөх тэдний санал хүсэлтийг сонсох зорилготойгоор аймгийн Засаг даргын санаачилсан “Зөвд уриалъя, Зөвлөлдөж шийдье” уулзалтыг өнөөдрөөс эхлүүллээ.
Эхний уулзалтыг аймгийн Ахмадын хороотой хамтран Хэрлэн сумын ахмадуудтай хийсэн юм.
Уулзалтаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав орон нутагт хийж буй ажлын талаар болон ахмадуудад чиглэсэн ажлуудын талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт төрийн байгууллагуудыг “Ахмадын сантай” болгоно гэж тусгасны дагуу орон нутгийн 75 байгууллагаас 70 төсөвт байгууллага ахмадын сангийн данстай болж 93 хувьтай хэрэгжиж байгаа аж. Харин энэ оны хувьд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудад ахмадын сан болон ахмадыг тэтгэвэрт бэлтгэх төлөвлөгөө байгуулан ажиллах тухай чиглэл хүргүүлээд байна.
Мөн өнгөрсөн жил Дэлгэрхаан суманд улсын төсвийн 286.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ХХҮГ-ын харьяа ахмадын сувиллын барилга ашиглалтад оруулснаас гадна 2018 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр ахмадын хорооны байрны асуудлыг шийдвэрлэж, ашиглалтын зардалд жил бүр 80,6 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа юм.
Ахмадуудын хувьд аймгийн Засаг даргатай уулзах үеэрээ төрийн дээд шагнал, салбарын шагналуудыг олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадуудад олгуулах хүсэлтээ тавьж байлаа. Түүнчлэн газар олголт, дэд бүтцийн асуудлууд, эмнэлгийн үйлчилгээний талаар гэх мэт сонирхсон асуултууддаа асууж хариулт авсан юм.
Уулзалтын дараа аймгийн Засаг дарга Удирдлагын зөвлөлийг хуралдуулж ахмадуудын тавьсан санал хүсэлтийг харьяалах хэлтсүүдэд танилцуулж, анхаарч ажиллах чиглэл өглөө. Мөн 100 жилийн ойгоор шагнуулах иргэдийн материалууд хэт их ирсэн тул нэмж материал авахгүй зогсоосон байсан бол ахмадуудынхаа хүсэлтийн дагуу тэдний шагналын материалыг хүлээн авахаар боллоо.
Холбоотой мэдээ