ХЭНТИЙ: Есөн гайхамшгийн нэг "Өглөгчийн хэрэм"

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-06-07 09:22:33

Хэнтий /МОНЦАМЭ/ Эзэн Чингис хааны өлгий Хан Хэнтий нутгийн бахархал болсон есөн гайхамшгаас уншигч та бүхэндээ танилцуулж байна.

Батширээт сумын төвөөс баруун урагш Баянгол, Өглөгчийн голын бэлчирт Дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын аманд чулууг шавар хаалтгүйгээр нямбайлан өрсөн хэрмийг Өглөгчийн хэрэм гэдэг. Ойролцоогоор гурван метр орчим өргөнтэй, хоёр хаалганы оромтой, дотроо жижиг шороон далангийн үлдэц бүхий эл хэрмийн ханын чулуун өрлөг зүүн өмнөд ба өмнөд хэсгээрээ тод мэдэгдэх ба бусад хэсгийг газрын хөрснөөс ялган харахад төвөгтэй болсон аж. Хэрмийн зузаан 2.5 метр, ханын өндөр дунджаар 2.5-4.5 метр, харин хамгийн өндөр хэсгээрээ 3.1 метр хүрдэг байна. Хэрмийн дунд алсаас тод харагдах гозгор хадан цохиог нутгийн ардууд “Чингисийн морины уяа” хэмээн ярьдаг. Хэрмийн дотор барилга байсан ул мөр байхгүй бөгөөд түүний дотор хананд тулган шороон дэвсэг нэмж тэгшилснээс үндэслэн XII-XIV зууны үеийн нум сумчдын бэхлэлт байсан гэж үздэг билээ. 


Хэнтий аймгийн Батширээт сум нь 1952 онд байгуулагдсан. Баруун ба урдуураа Өмнөдэлгэр сумтай, хойгуураа ОХУ-тай 100 орчим км газраар, зүүн талаараа Биндэр сумтай хиллэн 7018 ам дөрвөлжин км талбай бүхий нутагтай. Чингис хотоос 186 км, Улаанбаатараас 414 км зайтай оршдог. Тус суманд Өглөгчийн хэрэмнээс гадна Биндэр уулын овоо, түүний орчмын дөрвөлжин булш, чулуун зэвсгийн дурсгал, Рашаан хадны тамга, тэмдгийн дурсгал, Үзүүр цохионы хадны зураг, Хажуу нуурын буган чулуун хөшөө, булш, Живхээстэйн амны хөшөөт булш, хиргисүүр, Ёлын байцын хормойн дөрвөлжин булш, хиргисүүр,  Ёлын Цагаан нуурын дөрвөлжин булш,  Элстэй Хүрээтийн амны төвд бичгийн дурсгал зэрэг үзэж сонирхох зүйл олон бий. 

Холбоотой мэдээ