Азийн хэт авиан оношилгооны хуралд 18 орны эмч нар оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-06-09 16:12:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Азийн хэт авиан оношилгооны нийгэмлэгүүдийн холбоо болоод Азийн хэт авиан оношилгооны нийгэмлэгийн удирдах зөвлөлийн хамтарсан хурал "Чингис" зочид буудлын хурлын танхимд өнөөдөр эхэллээ.


Хуралд 18 орны эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд оролцож байна. Япон, Солонгос, Сингапур, Малайз, Филиппин, Тайланд, Тайванийн зочин илтгэгчид оролцож, Эх барих, эмэгтэйчүүд, Хэвлий, Яаралтай тусламж, Бөөр шээсний замын хэт авиан оношилгооны шилдэг судалгаа, ололт амжилт, ирээдүйн чиг хандлагын тухай илтгэл тавьж байна.  


Монголын хэт авиан оношилгооны нийгэмлэг жил бүр гадаадын болон дотоодын эмч мэргэжилтнүүдтэй хамтарч уг хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Тус нийгэмлэгийг 1997 онд үүсгэн байгуулж, түүнээс хойш Монголын бүх аймаг, сумын  эмч, эмнэлгийн мэргэжилтэнд хэт авиан баримжаа олгох сургалт болон мэргэшүүлэх сургалтуудыг тасралтгүй явуулсаар иржээ.


Хэт авиан оношилгоо нь анагаах ухааны хамгийн хурдацтай хөгжиж буй салбарын нэг юм. Хэт авиан оношилгооны аппарат тоног төхөөрөмж нь техник технологийн шинжлэх ухаантай хөл нийлүүлэн хувьсаж буй. Үүний үр дүнд хүний биеийн бүхий л хэсгийг хэт авиан оношилгоогоор шинжлэх боломжтой болж байгааг эмч мэргэжилтнүүд хурлын үеэр тодотгож байлаа.


Монгол Улсын Хүний гавьяат эмч, шинжлэх ухааны доктор, профессор Ж.Цэцгээ, “Анх 1986 онд Анагаахын их сургуулийн мэс заслын тэнхимд эхо аппарат оруулж ирсэн. Дотор эрхтэн буюу ходоод, гэдэс, уушгийг хэт авиан оношилгооны аппаратаар оношилсон Монголын анхдагч төхөөрөмж гэж хэлж болно. 1989 оноос тус аппаратыг ашиглаж эхэлсэн. 1997 оноос Анагаах ухааны их сургуульд мэс засалчийн тэнхимд багшлахын зэрэгцээ эмч нарт ЭХО-ны оношилгоо хичээл 2014 он хүртэл зааж, үүний үр дүнд 2001 онд шинэ бүтээлийн патент авсан. Дэлхийн дүрс оношилгооны эмч нар бүдүүн гэдэсний оношилгоо хийхдээ янз бүрийн уусмал ашиглаж хардаг бол миний хувьд урд орой нь өлөн байх, гурав дөрвөн өдөр сүүтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, өглөө өлөн дээрээ уусмалаа бага багаар ууж, иогийн дасгал хийлгэснээр гэдсийг бүрэн цэвэрлэж, бүдүүн гэдсийг үзэж, ходоодны шарх, хавдар байгаа үгүйг оношилдог байсан. Өдийг хүртэл хэрэглэсэн энэхүү арга маань 31 жилийн дараа дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж эхэлж байгаад баяртай байна. Анх гарч байсан үеийн хэт авиа ЭХО оношилгооны аппарат нь орчин үед илүү нарийн хүчин чадалтай болж, Монголын эмч нарын хувьд ч дэлхийн эмч нараас дутахааргүй чадварлаг болсон” гэв.

Улсын Нэгдүгээр эмнэлгийн дүрс оношилгооны эмч Ш.Буянжаргал, “Монгол Улсад хэт авиан оношилгоо маш хурдацтай хөгжиж байгаа. Техник технологи дээр суурилдаг учир гадаад орноос дутахааргүй сайжирч байна. Нарийн микро түвшний судалгаа шинжилгээний ажлууд дутмаг нь үнэн. Гэхдээ бусад салбарыг бодвол туршлага, практик ажиллагаа харьцангуй хурдан хөгжиж байгаа” гэв.

Тус хурал хоёр өдөр үргэлжилнэ.



Холбоотой мэдээ