Зөв хандлагын өөрчлөлт төрийн анхан шатны байгууллагаас эхлэх ёстойг Ерөнхий сайд онцоллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-06-09 16:22:00
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодын Засаг дарга, удирдлагууд оролцсон "Шинэ сэргэлтийн бодлого - Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгууллаа.


 Зөвлөлдөх уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын явц, онцлох ажлууд, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцууллаа. Зөвлөлдөх уулзалтад нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сум, 1613 баг, 204 хороодын удирдлагууд оролцсон юм.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үед ачааны хүндийг үүрэлцэн, аюулыг хохирол багатай давж, энгийн амьдралд шилжин, эдийн засгаа богино хугацаанд сэргээхэд чухал хувь нэмэр оруулсанд нь шат шатны удирдлагуудад талархал илэрхийллээ.

 

"Алсын хараа-2050" хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны анхан шатны байгууллагын хүчин чармайлт, үүрэг оролцоо нэн чухлыг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв. Төрийн бодлого анхан, дунд шатанд амжилттай хэрэгжиж байж улс орон хөгжинө. Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050”хөгжлийн бодлогын эхний арван жилийн зорилт болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Энэ бодлого амжилттай хэрэгжих эсэх нь та бидний хүчин чармайлт, хамтын ажиллагаанаас шалтгаална. Алсын хараатай, нэг зорилго, нэг бодлогын төлөө санаачилгатай, оролцоотой, хариуцлагатай ажиллаж байж үр дүнд хүрнэ гэж Ерөнхий сайд хэллээ.


“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийг эрчимжүүлснээр экспортын хэмжээ нэмэгдэж, хил гааль, тээвэр ложистикийн гацаа аажмаар арилж байна. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд авлига, хээл хахуультай тэмцэх “5Ш” ажиллагааг хэрэгжүүлж, төрийн үйл ажиллагааг ил тод нээлттэй болгоход анхаарч, төрийн мэдээллийг шилэн, үйлчилгээг цахим болгох зэрэг шинэчлэл хийснээр эдийн засгийн өсөлт энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 7,9 хувийн өсөлттэй гараад байна. Төсвийн орлого дутсанаар тодотгол хийдэг байсан бол анх удаа төсвийн орлого давж биелснээр тодотгол хийж байна. Төрийн анхан шатны байгууллагууд иргэддээ нээлттэй, иргэдээ сонсдог, ярилцдаг байх ёстой. Зөв хандлагын өөрчлөлт төрийн анхан шатны байгууллагаас эхлэх ёстой гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.    


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засаглал” бодлогын хүрээнд хийгдэж буй шинэчлэлийн талаар танилцууллаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж эрх мэдлийн төвлөрлийг бууруулан, бодлого хэлэлцдэг, шийдэл ярилцдаг парламент бий болох эхлэл тавигдлаа. Төрийн мэдээллүүдийг ил тод байршуулж эхэллээ, төрийн өмчит компаниудад шинэчлэл хийж эхэллээ,  төрийн байгууллагуудад процессын дахин инженерчлэл хийж байна. Үүний үр дүнд иргэд чанартай үйлчилгээ авах ёстой юм. Үүнд зөвлөлдөх уулзалтад оролцож буй та бүхний оролцоо, хүчин чармайлт чухал гэв.

 

Зөвлөлдөх уулзалтын үеэр  үндэсний судалгааны нэгдсэн платформыг www.sudalgaa.gov.mn нээлээ. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хүрээнд төр, хувийн хэвшил, олон улсын болон мэргэжлийн байгууллагуудаас хийсэн судалгааны сан үүгээр бүрдэж, олон нийтэд нээлттэй болж байна. Тус платформыг эрдэмтэн судлаачид, шийдвэр гаргагчид, оюутан сурагч, бизнес эрхлэгч хэн бүхэн ашиглах, санал сэтгэгдлээ үлдээж бусадтай хуваалцах боломжтой юм.



Холбоотой мэдээ