ЗАВХАН: Тэс сумын ерөнхий боловсролын сургуулийн байгалийн шинжлэх ухааны кабинетыг тохижуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-06-10 13:10:41

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт байгалийн шинжлэх ухааны хичээлийн шинэ аргачлалыг нэвтрүүлнэ.


Монгол Улсын Гавьяат багш, Б.Энхбаярт санал тавьж, уулзсанаар аймгийн хэмжээнд байгалийн шинжлэх ухааны хичээлийн шинэ аргачлалыг нэвтрүүлэхээр болсон юм. Хөдөлгөөнт үзүүлэн ашиглах замаар хүүхдийг хими, физик, биологи, газарзүй, математик зэрэг байгалийн ухааны хичээлд сонирхолтой болгох нэг жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Хөтөлбөрийг Тэс суманд жишиг хэлбэрээр эхлүүлж бусад суманд хэрэгжүүлнэ.


Мөн Тэс суманд байгалийн шинжлэх ухааны хичээлээр нэг кабинет тохижуулахаар болсон. Түүнчлэн аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын байгалийн ухааны багш нарт шинэлэг арга барил, үзүүлэн ашиглахтай холбоотой сургалтыг Б.Энхбаяр багштай хамтран хийхээр болсон гэж УИХ-ын гишүүн Б.Баярсайханы орон нутаг дахь төлөөлөгч мэдээлэв.   


Хүүхдүүдэд шинжлэх ухааны мэдлэгийг үйлдэн суралцах арга зүйгээр дамжуулан олгох нь чухал аж. Энэ нь олон улсад ихээхэн хөгжиж байгаа STEAM туршилтын хэрэгсэл дээр хүүхдүүд ажиллаж, өөрсдөө багажаа угсарч, шинжлэх ухааны туршилт хийх замаар шинжлэх ухаанч хандлагаа хөгжүүлж, технологийн хэрэглээнд суралцаж буй явц юм.  


Харин манай ерөнхий боловсролын сургуулиудад физик, хими, математик, технологи гэх мэт хичээлийг заахдаа голдуу уламжлалт хэлбэрээр мэдээлэл өгөх, бодлого бодуулах, тодорхой хэмжигдэхүүнийг тодорхойлох туршилт хийх аргаар явуулдаг байна. Харин дээрх хичээлүүдийг суралцагчдад илүү сонирхолтой болгохын тулд зугаатай байдлаар шинжлэх ухаан, инженерчлэлийн ур чадварыг бие даан эзэмших боломж олгохоор зааж сургах нь илүү үр дүнтэй байдаг ажээ. 

Холбоотой мэдээ