Бүх түвшинд хамтын шийдвэр гаргах нь чухал байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-12 15:04:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглал” үндэсний зөвлөгөөн, сургалт хэр үр дүнтэй болж байгаа талаар оролцогчдын сэтгэгдлийг сонирхлоо.


ЗГХЭГ-ын референт П.Сарангэрэл:

-Маш олон хэрэгтэй мэдээлэл авлаа. Тогтвортой хөгжлийн зорилгыг (ТХЗ) нутагшуулах бусад орны туршлага ямар байдгийг сонирхож ирсэн. ТХЗ-ыг улсын хэмжээнд, бүс орон нутагт нутагшуулах, засаглалын тогтолцоо болж байгаа эсэх талаар олон жишээ дээр ярьсан нь сонин байлаа. Өнөөдөр гэхэд Филиппин улс ТХЗ-ыг улс, орон нутгийн хэмжээнд хэрхэн хэрэгжүүлж, ямар санхүүжилтийн тогтолцоо байдаг талаар ярьсан. Үүнд иргэний нийгмийн байгууллага, хувь хүн, хувийн хэвшил, төрийн байгууллага яаж оролцуулах зэрэг олон талт оролцоог хангах чухал байдаг. Энэ утгаараа Филиппин улс төсвөөсөө санхүүжүүлээд, орон нутагтаа дэд танхим бүхий Олон талт оролцогчдын танхим байгуулжээ. Үүгээрээ дамжуулан иргэний нийгмийн оролцогчдын үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, иргэдийн санал бодлыг сонсож, тусгаад явдаг юм байна.  


Монгол Улсын хувьд ЗГХЭГ нь ТХЗ-ын асуудлыг 2-3 жил харьяалж байгаад, өнгөрсөн оноос чиг үүргээ ЭЗХЯ-д шилжүүлсэн. Манайд хувь хүн, иргэний гэх мэт бүх оролцоог төрийн байгууллагад хандуулах гээд байдаг нь засаглалын хувьд боломжгүй. Тэнд цөөн хүн үндэсний бодлого төлөвлөлтөө ТХЗ-той яаж уялдуулах талаар цаасан дээр ажиллаж байдаг. Улсын төсвөөс санхүүжсэн Олон талт оролцогдчын танхим байгуулахгүй ч хувийн хэвшлийн дэмжлэгээр ч юм уу оролцогч талуудын танхимтай болохыг үгүйсгэхгүй, байж болохоор санагдлаа.


-Флиппин улс тогтвортой хөгжлийн 17 зорилгоос 9-д нь ахицтай, 8-д нь бууралттай байна гэж ярьсан. Манай улсын ТХЗ-ын хэрэгжилт ямар байгаа вэ?

-Монгол Улс НҮБ-д сайн дурын 2 дахь илтгэлээ өнгөрсөн долоо хоногт илгээсэн. Тайлангаас харахад манайд хамгийн хоцрогдолтой 2 асуудал байсан. Ядуурлыг бууруулах ахиц гаргаагүй. Мөн бүс, орон нутгийн хөгжлийн тухайд бодлого, төлөвлөлт байхгүй, үүнд анхаардаггүй гэсэн. Энэ хоёр үзүүлэлтийг дагаад ТХЗ буурсан. Иймд сайн дурын илтгэлийн тайланд олон талт оролцоог хангасан эсэхээсээ эхлээд бид тайлангаа сайжруулах ёстой юм билээ.  


Байгаль орчин, мэдээлэл сургалтын төвийн гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг:

-Тогтвортой хөгжлийн боловсрол,  байгаль орчны салбарын хамтарсан үйл ажиллагаанд манлайлж ажилладаг ТББ-ын төлөөлөл байна. Бид өнөөдөр ч гэсэн тогтвортой хөгжлийн боловсролыг эзэмшиж байна.  Улс орон, төр засаг бүхлээрээ асуудлыг системд нь олж харах, энэ нь цаашид хөгжлийн үндэс зөв төлөвлөлт гэдгийг сургалт зөвлөгөөнөөр олгож байгаа нь ач холболтой байна. ЗГХЭГ, төрийн байгууллага, ТББ хүртэл бүх шатны төлөөллийг хамруулж хамтдаа ярилцаж байгаа нь чухал юм. Дэлхий нийтийн хамтын удирдлага болох НҮБ-ын хөтөлбөрүүдээс эхлээд нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлыг системд нь олж харж, бүгдээрээ түншилж арга замыг хайж байгаатай адил Монгол Улсад ч гэсэн бодлого, төлөвлөлтийг хамтаар шийдэж гаргах нь чухлыг харуулж байна. Энэ чиглэлд тодорхой сургагч, чиглүүлэгч баг бүрдүүлээд, үндсэн болон мэргэшүүлэх, хүний нөөцөө чадавхжуулах боломжит бүх сургалтын хөгжүүлэх юм байна гэж ойлголоо. Ингэж чадвал ямар ч бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт өндөр түвшинд хэрэгжиж, үр дүнтэй байж болох юм.


Удирдлагын академийн Төрийн удирдлагын тэнхимийн дэд профессор, доктор Ж.Нарантуяа:

Удирдлагын академи, МОНЦАМЭ агентлаг, НҮБ хамтран зохион байгуулж буй үндэсний хэмжээний зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллагаас 40 гаруй хүн оролцож байна. Удирдлагын академи энэ сургалтыг цаашид үргэлжлүүлэх үүднээс сургагч багш нарын сургалт зохион байгуулсан. Зөвлөгөөний үеэр олон улсын мэргэжилтнүүд онлайнаар оролцон, яамд, салбар хооронд засаглалын ямар уялдаа холбоо байх вэ, системтэй бодлогоо боловсрулахад хэрхэн үр өгөөжтэй болгох талаар үндсэн ойлголт өгч, түүнд яаж анализ шинжилгээ хийхийг дасгал ажил, дадлагаар заалаа. Мөн Монгол Улсын урд хугацаанд хэрэгжүүлэх “Алсын хараа 2050” хөтөлбөрт чухал байр суурь эзлээд буй дата өгөгдлийг хэрхэн яаж удирдах, уялдуулах тухай мэдээлэл өглөө. Төр захиргаа, орон нутгийн байгууллага салбар хооронд бодлогоо уялдаатай гаргаж ажиллах ёстой. Үүний тулд яамд, төрийн захиргааны байгууллага өөрсдийн өнцгөөс бус асуудлыг анхнаасаа бүхэлд нь харж, уялдаатай ажиллах тухай ярилцаж байгаагаараа үр дүнтэй юм.  

Холбоотой мэдээ