ДОРНОД: Цагдаа, Дотоодын цэргийн анги байгууллагуудын аварга шалгаруулах буудлагын тэмцээн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-06-22 17:22:24

Чойбалсан /МОНЦАМЭ/. Цагдаа, Дотоодын цэргийн анги байгууллагуудын аварга шалгаруулах буудлагын тэмцээн Дорнод аймагт эхэллээ.


Тэмцээнд Цагдаа, Дотоодын цэргийн 37 анги, байгууллагын 106 гаруй алба хаагч оролцож, 7.62 мм-ийн "АКМ", 9 мм-ийн "ПМ" буюу урт, богино буудлагын төрлөөр өрсөлдөж байна.


Энэхүү буудлагын тэмцээнд МУГТ, ОУХМ Ц.Мөнхзул, “Практик буудлагын холбоо”-ны гишүүн, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт тамирчин Д.Дашдэмбэрэл, ЦЕГ-ын автобаазын жолооч, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Б.Ганхуяг нарын буудлагын спортын шилдгүүд цэц мэргэнээ сорьж байгаа юм. Түүнчлэн Монгол орны баруун хязгаар Баян-Өлгий, Ховд аймгийн Цагдаагийн алба хаагчид хоёр мянга гаруй км зам туулан хүрэлцэн иржээ.


Дорнод аймгийн Цагдаагийн газар дээрх тэмцээнийг энэ жилээс эхлэн шилжин явах аваргын цомтойгоор зохион байгуулж байна. Тэмцээн маргааш дуусаж, шилдгүүдээ тодруулна.

Холбоотой мэдээ