ДОРНОГОВЬ: Эрээн хотын удирдлагуудыг хүлээн авч уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-06-22 13:17:29

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал БНХАУ-ын  Эрээн хотын Намын орлогч дарга бөгөөд хотын дарга Лү Бао Донг, хотын Засгийн ордны дарга Ю Шян фей, хотын Худалдааны газрын дарга Жиа Шиао Гуан болон албаны бусад төлөөлөгчдийг энэ оны зургаадугаар сарын 19-нд хүлээн авч уулзжээ.


Талууд аймаг, хотын хамтын ажиллагааны талаар ярилцаж цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон байна. Өнгөрсөн хугацаанд Дорноговь аймаг, Эрээн хотын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд Эрээн хотын хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээлгийн танхимын өргөтгөл засварын ажил, Алтанговь худалдааны төвийн гаднах гудамж талбайг бүрэн шинэчлэх, аймгийн төвийн 5,4 км зам дагуух 165 ширхэг хос гэрэлтүүлгийг шинэчлэх, эрүүл мэндийн чиглэлээр “Бүс ба зам” санаачилгын “Гэрэлт зам” аяны хүрээнд Дорноговь аймгийн нүдний болор цайх эмгэгтэй 70 гаруй иргэн нүдний болор суулгах мэс засалд үнэ төлбөргүй хамрагдсан, аймгийн соёл, аялал жуулчлалын өдөрлөг, бизнес форум, үзэсгэлэн худалдааг Эрээн хотод амжилттай зохион байгуулсан гээд олон бүтээлч ажлыг хамтран хэрэгжүүлжээ.


Дорноговь аймаг БНХАУ-ын хил залгаа аймаг хошуудтай хамтын ажиллагааг хөгжүүлж, гадаад худалдаа, боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн чиглэлээр өргөн хүрээтэй харилцсаар иржээ. 


Цаашид нийгмийн бусад салбар хийгээд хилийн боомтын үйл ажиллагаа, ачаа тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, жижиг оврын авто машинаар улс хооронд зорчигч тээвэрлүүлэх, хилийн бүсийн худалдаа наймаа, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, иргэдийн ая тухай амьдрах нөхцөлийг сайжруулах талаар хамтран ажиллахад боломж байгааг талууд онцолсон байна.

Холбоотой мэдээ