ХОВД: Дундаж наслалтаар баруун бүсэд хоёрдугаарт орж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нийт хүн амын тоо 2022 оны жилийн эцсийн байдлаар 90671 болж, өмнөх оноос 338 хүнээр өссөн, жилийн дундаж өсөлт 0.4 хувь байна.
Хүн амын 36 хувь нь аймгийн төвд,
17 хувь нь сумын төв, 47 хувь нь хөдөө амьдарч байна.
Нийт хүн амын 34.0 хувийг 14 хүртэлх насны хүүхэд, 61.8 хувийг 15-64 насны хүн ам буюу хөдөлмөрийн насны хүн ам, 4.2
хувийг 65 ба түүнээс дээш насны иргэд эзэлж байгаа юм. Үүний дотор 100-гаас дээш настай иргэн 8, 90-ээс дээш настай иргэн 81 байна гэх судалгаа гарчээ.
Хөдөлмөрийн насны хүн ам болон хөгшид эзлэх хувь өсөж байгаа нь хүн ам зүйн ачаалал нэмэгдэж байгааг харуулж байна. Дундаж наслалт Ховд аймгийн хувьд 74.0 болж, өмнөх оныхоос 0.5 хувиар өссөн. Баруун бүсэд Ховд аймаг дундаж наслалтаар хоёрдугаарт орж байна гэж Статистикийн хэлтсээс танилцууллаа.