ДУНДГОВЬ: “Бизнесийн хөгжлийг дэмжих төв” үйл ажиллагаагаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-06-23 09:35:30
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж, бойжуулах зорилго бүхий “Бизнес хөгжлийг дэмжих төв”- ийн нээлтийн ёслолын ажиллагаа 6 дугаар сарын 22-нд боллоо.

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд ажлын байр байхгүй, түрээсийн зардал өндөр байдаг нь бизнесээ хөгжүүлэхэд тулгардаг бэрхшээлүүдийн нэг байдаг. Тиймээс тус аймгийн ЗДТГ-аас энэхүү асуудлыг шийдвэрлэн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж, зардлыг нь бууруулан ашгийг нь нэмэгдүүлэхийн тулд ашиглалтгүй орхигдсон МСҮТ-ийн хичээлийн хуучин байрыг 540,0 гаруй сая төгрөгөөр засварлан “Бизнесийн хөгжлийг дэмжих төв” болгожээ.


Бизнес эрхлэгчид энэхүү байрыг ашигласнаар түрээс өгөхгүй бөгөөд, цахилгаан, дулаан, ус зэрэг ашиглалтын зардлаа өөрсдөө хариуцах юм. Тус төвд 30 гаруй бизнес эрхлэгч үйлдвэрлэл явуулах боломжтой ба өнөөдрийн байдлаар арьс шир, сийлбэр, алт мөнгөний дархан, оёдол, талх нарийн боов зэрэг 15 үйлдвэрлэл үйл ажиллагаагаа эхэлжээ. “Бизнес хөгжлийг дэмжих төв”-ийн үйл ажиллагааг цаашид ХААҮТ-ын Дундговь дахь салбар хариуцах ба энэ төвд ХУРДАН цахим төрийн үйлчилгээний төв байрлаж, иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. 


Тус төвийн нээлтийн ажиллагаанд "Нээлттэй Дундговь" Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцож буй төлөөлөгчид, аймгийн удирдлагууд, ХАҮТ-ын  салбарын гишүүд, бизнес эрхлэгчид, иргэд оролцжээ. 









Холбоотой мэдээ