Талибуудын удирдагч Афганистан дахь эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах арга хэмжээ авсан гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-06-26 14:10:41

КАБУЛ. /TASS/. "Талибан"-ы дэглэм эмэгтэйчүүдийг "уламжлалт дарлалаас" чөлөөлж, "эрх чөлөөг нь сэргээжээ”. Ийм мэдэгдлийг “Талибанхөдөлгөөний дээд удирдагч Хибатулла Ахунзада хийсэн байна. 


"Эмэгтэйчүүдийг хүчээр гэрлүүлэх гэх мэт олон тооны уламжлалт дарлалаас хамгаалахын тулд тодорхой арга хэмжээнүүдийг авч, тэдний шариатын эрхийг хамгааллаа. Эмэгтэйчүүдийн эрх чөлөө, нэр төрийг сэргээж, эмэгтэйчүүдэд гэрлэх, өв залгамжлах болон бусад эрхийг баталгаажуулахад нь бүх байгууллага туслах үүрэгтэй" гэж Х.Ахунзада ням гарагт Ид аль-Адха (Курбан байрам)  баярыг тохиолдуулан баяр хүргэсэн илгээлтдээ бичсэн байна.


Талибууд "шариатын хуулийн дагуу эмэгтэйчүүдийн аюулгүй, тав тухтай амьдралыг хангахын тулд байр суурийг нь дээшлүүлэхэд шаардлагатай алхмуудыг хийлээ" гэж тэрбээр мэдэгджээ.


Афганистан дахь эмэгтэйчүүдийн асуудлууд нь олон хүчин зүйлээс, түүний дотор "20 жил үргэлжилсэн түрэмгийллийн сөрөг талуудтай" холбоотой гэж талибуудын удирдагч тэмдэглэсэн байна. 


Талибууд 2021 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш исламын шашны үнэт зүйлстэй “нийцнэ” гэж үзсэн хязгаарлалтуудыг тавьсан юм. Тухайлбал,  телевизийн эмэгтэй нэвтрүүлэгч нарыг хижаб өмсөхийг албадаж, эмэгтэй жүжигчид тоглосон драм кино, мөн нэвтрүүлэг үзүүлэхийг хоригложээ.


Талибууд Афганистаны их дээд сургуулиудад охид суралцахыг хориглож, дунд болон ахлах ангийн охидын сургуулийг хаажээ. Түүнчлэн, их дээд сургуулиудад эмэгтэйчүүд байхыг, тэр дундаа багш, профессорын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүд оролцохыг хориглож, үндэсний болон олон улсын төрийн бус бүх байгууллагаас эмэгтэйчүүдийг халах тушаал өгсөн байна. Эдгээр шийдвэрийг  НҮБ болон бусад улс орнууд, олон улсын байгууллагууд эрс шүүмжилсэн юм.

Холбоотой мэдээ