Сансарт цахилгаан эрчим хүч дамжуулах анхны туршилт амжилттай болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-06-26 17:24:42

ЛОС-АНЖЕЛЕС. /new-science/. Сансарт цахилгаан эрчим хүч дамжуулах технологи нь сансар огторгуйн орон зайг хэрхэн, яаж ашиглах арга замд шинэ эргэлтийг авчрах сансар судлалын хамгийн сонирхолтой чиглэлүүдийн нэг юм. Энэ технологийг сансрын орон зайд эрчим хүчийг нэг эх үүсвэрээс нөгөө рүү дамжуулах, эсвэл сансар дахь эх үүсвэрээс Дэлхий дээрх хүлээн авах станц руу дамжуулахад ашиглаж болох гэнэ.


Тэгвэл саяхан Калифорнийн технологийн хүрээлэн (Caltech) сансарт явуулсан анхны ийм туршилт нь амжилттай болсныг зарлажээ. “MAPLE” буюу "Доод тойрог замд эрчим хүч дамжуулах богино долгионы массив" хэмээн нэрлэсэн энэ туршилт нь дээр дурдсан хоёр жишээг ашиглах боломжтойг харуулжээ.  


Туршилтын үеэр "Caltech" хүрээлэнгийн "Space Solar Power Demonstrator" (SSPD-1) сансрын төхөөрөмж нь нарны эрчим хүчийг цуглуулж, цахилгаан эрчим хүч болгон хувиргаж, сансрын орчны 30 орчим см зайд цахилгаан эрчим хүч амжилттай дамжуулжээ. Энэ эрчим хүчийг LED гэрлүүдийг асаахад ашигласан байна. “MAPLE” нь "SSPD-1"-ийн бүхээг дотор явуулах судалгааны гурван төслийн нэг юм.


Дараа нь уг төхөөрөмжийг Дэлхий рүү цахилгаан эрчим хүч дамжуулахад туршиж үзсэн бөгөөд "Caltech"-ын барилгын дээврээс дохио илэрсэн нь богино долгионы дохиог дамжуулах боломжтойг харуулсан боловч цахилгаан эрчим хүч болгон хувиргахад хэтэрхий сул байжээ.


"Space Solar Power Demonstrator" төхөөрөмжийг энэ оны нэгдүгээр сарын 3-нд хөөргөсөн байна.  


Холбоотой мэдээ