Үйлчилгээний салбарын уялдааг хангах нь далайд гарцгүй орнуудын эдийн засгийг тэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2023-06-26 16:53:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай улс орнуудын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэлхийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлага байгааг  “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт 2023”-ын төлөөлөгчид онцолж байна. Тэд үйлчилгээний салбарын уялдаа, холбоог хангах нь далайд гарцгүй орнуудын эдийн засгийг хөгжүүлэх түлхүүр болно хэмээн үзэж байна. Чуулганы төлөөлөгчид ийнхүү ярив.

 

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУД ДЭД БҮТЦЭЭ ШИЙДЭХЭД 500 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ШААРДЛАГАТАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй 20 дахь удаагийн Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт нь цар тахлын дараа Монгол Улсад зохион байгуулагдаж буйгаараа түүхэн ач холбогдолтой. Дэлхий дээр 44 далайд гарцгүй орон байгаагаас 32 нь далайд гарцгүй хөгжиж буй гэсэн статустай. Эдгээр орнуудын зовлон бэрхшээл ижил төстэй. НҮБ далайд гарцгүй орнуудын асуудалд олон жил анхаарч ирсэн. Далайд гарцгүй орнуудын төлөөлөгчид энэ удаа экспортын шинэ боломжийг эрэлхийлж, шинээр ямар шийдлүүд олсон тухайгаа бусадтай хуваалцаж, сайн жишээг бусад орнуудад хэрхэн нутагшуулах вэ,  худалдаагаа төрөлжүүлэх талаар санал солилцож байна. 


Энэ удаагийн чуулга уулзалтын шинэлэг санаа нь залуучуудын бизнес эрхлэлтийг дэмжих, худалдааг хэрхэн хөнгөвчлөх механизмыг бий болгох вэ гэдэгт төвлөрч буйгаараа онцлогтой. Далайд гарцгүй хөгжиж буй 32 орны хөгжлийг хөгжсөн орнуудын түвшинд хүргэхэд юу шаардлагатай вэ гэсэн судалгааг танилцуулсан. Судалгаагаар 32 орон хөгжлийнхөө түвшинг дээшлүүлэхийн тулд дээд тал нь 200 мянган км хатуу хучиллтай зам тавих, 48 км төмөр зам барих шаардлагатайг тусгажээ. Үүнийг хийхэд 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоолол гарчээ. Далайд гарцгүй орнуудын хувьд хамгийн том хүндрэл нь санхүүжилт байдаг. Санхүүжилт хэрхэн олох вэ, хөгжил дэд бүтцийг дэмжсэн худалдааны эргэлт болон спортыг дэмжсэн санхүүжилтийг хэрхэн тусгай нөхцөлтэйгээр олгож болох вэ гэдэгт талууд байр сууриа илэрхийллээ. Мөн улс орнууд цар тахлын дараах эдийн засгаа хэрхэн сэргээж, цогцлоож буй түүхээсээ хуваалцаж байна.


МОНГОЛ УЛС “SHE TRADES ХӨТӨЛБӨРТ НЭГДЭНЭ

Олон Улсын Худалдааны Төвийн Гүйцэтгэх Захирал Памела Коук-Хамилтон: 

-Монгол Улсад болж буй энэ удаагийн чуулга уулзалтаар худалдааг хөнгөвчлөх олон улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг дэмжиж далайд гарцгүй улс орнуудын хил дамнасан худалдааг дэмжихэд чиглэж буйгаараа онцлогтой. Түүнчлэн улс орнуудад ногоон худалдааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага бий. Мөн жижиг компаниудад хөнгөлөлттэй санхүүжилтийг олгоход анхаарахаас гадна худалдааг хөнгөвчлөх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ дижитал, жендерийн мэдрэмжтэй байх ёстой. Тээвэр, логистикийг шийдсэнээр худалдааны коридор, хил дээр төвлөрлийг сааруулах ач холбогдолтой юм. 


Мөн энэ удаагийн чуулга уулзалтаар эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор ОУХТ-өөс санаачилсан SheTrades” хөтөлбөрийн Монгол Улс дахь төвийн нээлтийг 6-р сарын 28-нд хийнэ. Ингэснээр Монгол Улс дэлхийн 10 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй “SheTrades” хөтөлбөрт нэгдэх юм. Эл төв нь эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх чадавх, институцийг бэхжүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын орчныг сайжруулах замаар эмэгтэйчүүдэд практик сургалт явуулж, бизнест ээлтэй орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.


КОМПАНИУД ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ЭКСПОРТЛОХОД АНХААРЧ ЭХЭЛСЭН

IBC Global компанийн  захирал Тоня Макнил Вири:

-Би эл чуулга уулзалтад АНУ-аас ирж оролцож байгаа. Монголд анх удаагаа ирж байна. Манай компани зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус чуулга уулзалтад эмэгтэйчүүдийн бизнесийн тэгш байдлыг хангах, нийгэм эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх асуудал чухлаар тавигдаж буй нь анхаарал татлаа. 

Хувийн секторуудын хувьд эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг өндөр түвшинд авч үзэх зайлшгүй шаардлага бий. Түүнчлэн залуу хүмүүсийн хувьд шинэ санаа тэдний гарааны бизнесийг дэмжсэнээр экспортыг тэлэх түлхүүр болно гэж харж байна. Цар тахлын дараа компаниуд хэвийн үйл ажиллагаандаа орж, жигдэрч байгаа. Дэлхийн худалдааны чиг хандлага өөрчлөгдөн хувьсаж буй юм. Тухайлбал, бараа бүтээгдэхүүн гэхээсээ илүүтэй үйлчилгээгээ экспортлоход компаниуд анхаарч эхэлсэн. Далайд гарцгүй орнуудын хувьд хэрхэн сайн туршлагыг нэвтрүүлэх вэ гэдэгт төвлөрч, эдийн засгийн сууриа батжуулах, худалдааны түншлэлээ сайжруулж, төрөлжүүлэх нь чухал гэж бодож байна.  

Холбоотой мэдээ