ГОВЬ-АЛТАЙ: Түргэвчилсэн шинжилгээний хариу “сул эерэг” гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙЕсөнбулаг /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 26-ны 21.00 цагийн үед Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй үжил халдвар оноштой ирсэн өвчтөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн байна.
Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвд булчирхайн шүүдсэнд түргэвчилсэн шинжилгээ хийхэд “сул эерэг” гарчээ. Сорьцыг нарийвчлан шинжлүүлэхээр Ховд аймгийн ЗӨСТ-ийн лабораторид Молекул биологийн шинжилгээ хийлгэж байгаа ажээ.
Сэжигтэй тохиолдлын Говь-Алтай аймгийн төвийн нэгдүгээр хавьтлын 19 хүн, сумын төвийн 19 хүн, цэргийн ангийн 16 нийт 54 хүнийг тусгаарлан, урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүлээд байгаа тухай аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.
Иргэд олон нийтийг энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж зөвлөмж хүргэлээ.
-Тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
-Тарваганы түүхий эд, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
-Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
-Тарваган тахлын дархлаажуулалтад жил бүр хамрагдах;
-Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад утсаар яаралтай мэдэгдэхийг зөвлөлөө.