Баянзүрх дүүрэгт 32 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
erdenechimeg@montsame.mn
2016-09-13 13:54:10

БЗД-ийн ИТХ-д нийт 43 иргэн бие дааж нэр дэвшсэнээс 32-ыг нь хуульд заагаагүй үндэслэлээр хассан гэж 5-р хорооноос нэр дэвшигч Д. Батбаяр, 23-р  хорооноос нэр дэвшигч Д. Оюунтуяа, 2-р хорооноос нэр дэвшигч О. Мэндсайхан, 26-р хорооноос нэр дэвшигч Н. Оюунчимэг нар мэдээллээ.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9, 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг тус тус үндэслэн 32 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна. Тус хуульд зааснаар 201 сонгогчийн гарын  үсгийг 9 сарын 3-ны 17:00 цаг хүртэл цуглуулсан байх ёстой. Гэтэл Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны ажилтнууд нэр дэвшигчийн цуглуулсан 201 иргэний гарын үсгээс нэг иргэний гарын үсгийг зориуд шаардлага хангахгүй байна гэж үзэн тус нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна.

Үүнийг БЗД-ийн ИТХ-д бие даан нэр дэвшигчид эсэргүүцэн  Сонгуулийн ерөнхий  хороо, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол хүргүүлж байгаагийн дээр Монгол улсын ерөнхийлөгчид хүсэлт гаргаж байгаа гэнэ.

М.Бумсүрэн

Холбоотой мэдээ