ЗАВХАН: Соёлын багцыг хүссэн төрлөөрөө нэмж болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн түүхэн 100 жилийн ойг угтсан
бүтээлч, бэлгийн багц худалдаанд гарах гэж байна.
"Боролдой" номын дэлгүүрээс санаачлан, аймгийнхаа үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг
сурталчлах, олон нийтэд таниулах. Түүхэн 100 жилийн ойдоо ирж оролцож буй зочид, нутгийн иргэдэдээ
зориулж бэлэглэх, бэлгийн багцаа соёлын багц гэж нэрлээд буй юм.
Соёлын багцад номын хавчуурга, түлхүүрийн оосор, хөргөгчний наалт, картны гэр, ил захидал, нэмэлтээр төрөл бүрийн ном багтах аж.
Тухайлбал орон нутагтаа уран бүтээлээ туурвиж буй зураач М.Анхцэцэгийн тус нутгийн үүх түүх, байгалийн онцлогийг харуулсан уран зургууд бүхий ил захидал.
Завхан нутгийн зохиолч яруу найрагчид болон чөлөөт сэтгэлгээгээр урласан дүрс бүхий зурагтай номын хавчуургууд, малын арьсаар урласан түлхүүрийн оосор, картны гэр багтжээ.
Ил захидлууд
Мөн эсгийгээр урласан бэлэг дурсгалын зүйлсүүдийг багтаажээ. Ер нь номын хавчуурга хэрэглэх нь хайртай номоо хамгаалж буй соёлт хэрэглээ юм. Тиймээс соёлын багцад оруулсан номын хавчуургаа "Боролдой" гэсэн лого нэр бүхий хэвлүүлсэн нь учиртай юм.
-"Боролдой"-н хамт олон 2017 онд хөдөө орон нутагт анхны номын төрөлжсөн дэлгүүр, номын санг байгуулж үйл ажиллагаа явуулсан аж. Тэд хэрэглэгч, уншигчдадаа зориулж шинэ болон хуучин номын өргөтгөсөн, хямдралтай, нүүдлийн худалдааг жилд хоёр удаа санал болгодог.
Номын дэлгүүрээ өргөтгөж, уншлагын танхим бүхий кафе, номын булангуудыг төрөлжүүлэн, хүссэн номоо үзэж, уншиж, сонгох боломж бүхий өөртөө үйлчлэх үйлчилгээг өнгөрсөн жилээс эхлэн нээгээд буй юм. Тус дэлгүүр номын сонголт их, сүүлийн үеийн бестселлер номуудыг боломжийн үнээр худалдан авах.
Уран зураг болон орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэгчид, гар урлаачдын бүтээгдэхүүнүүдийг нэг дороос авах боломжийг бүрдүүлснээрээ шинэлэг үйлчилгээг нэг дор шийдсэн анхны номын дэлгүүр. Тэд орон нутагтаа үргэлж анхдагч шинийг санаачлагчид ажээ. Тиймээс л түүхэн 100 жилийн ойдоо хэрэглэгч, уншигч, үйлчлүүлэгчдэдээ соёлт хэрэглээг дадал болгох бэлгийг зориулсан гэв.
Соёлын багцыг тухайн багцад орсон нэр төрлөөс хамаарч өөр үнэлгээтэй худалдаанд гаргах юм байна. Завхандаа үйлдвэрлэсэн нутгийн урчуудын бүтээл бүхий соёлын багцыг худалдаж авахыг хүсвэл 89263640 90779976 утсаар холбогдож аваарай гэж "Боролдой" номын дэлгүүрээс мэдээлэв.
Ташрамд, "Боролдой" номын дэлгүүр нь 100 жилийн ойд зориулан номын бэлгийн багцуудыг гаргасан бөгөөд наадмын өдрүүдээр хямдралтай худалдааг явуулах аж.