ЗАВХАН: Түүхэн 100 жилийн ойд зориулсан маркийг худалдаанд гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-07-03 16:37:33

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн 100 жилийн ойд зориулж гаргасан маркийг худалдаанд гаргах нээлтийн үйл ажиллагаа Улиастайд боллоо.  


Аймгийн 100 жилийн ойн хүрээнд түүхэнд үлдэх олон үйл явдлууд энэ өдрүүдэд давхцаж байгаа юм. Түүний нэг нь Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд нэвтрүүлж буй 1126 дахь маркийн нээлт юм.


“Завхан аймаг-100 жил” сэдэвт түүхэн ёслолын нээлтэд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Монгол шуудан ХК-ийн захирал Б.Анхбаатар нар оролцлоо. Ёслолын үеэр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар түүхт ойд зориулсан маркийг захидлын дугтуйд наах эрхийг албан ёсоор эхлүүллээ.


Энэхүү маркийн үндсэн хэмжээ нь 30х30 мм бөгөөд 20000 ширхэг хэвлэгджээ. Маркийн зураачаар Г.Баттөр ажилласан байна. Түүхэн 100 жилийн ойд зориулж бүтээсэн уг блок маркт тус аймгийн 100 жилийн ойн логог дүрсэлснээс гадна томоохон үзэсгэлэнт уул, газар нутаг, бэлгэдлийг оруулж өгчээ.



Тодруулбал, төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхан уул, Жавхлант толгой, Даян хайрхан уул, Вансэмбэрүү цэцэг, Монголын улаан номд орсон янгир, Мухартын гол, Сэнжит хад, Улаагчны хар нуур, Нутгийн удирдлагын ордон, Хүннүгийн язгууртны булшнаас олдсон сангийн бойпор, ахуй байдлыг монгол зургийн аргаар зурж тусгасан зэргээрээ онцлогтой юм. 



Маркийн эх загварыг аймгийн Орон нутгийг судлах музейд хадгалуулна гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ