ЗАВХАН: "Асарын өндөр" жүжгийг үзэгчдэд толилуулахад бэлэн болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн түүхэн 100 жилийн ойд зориулан туурвисан “Асарын өндөр” нэртэй түүхэн аялгуут жүжгийг энэ сарын 24-ний өдөр Улиастайд нээж үзэгчдийн хүртээл болгоно.
"Асарын өндөр" жүжигт Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын жүжигчид болон Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын 80 гаруй жүжигчид хамтран тогложээ.
“Асарын өндөр” жүжгийн гол дүрүүдэд:
Отухан - Н.Мөнх-Эрдэнэ, Ч.Лхагвадорж
Даяан-Ай - М.Оюундарь, Л.Баяржавхлан
Хасун- Б.Тогтохжаргал /СТА/, УДЭТ-ын жүжигчин Ц.Болормаа
Жан Цянь - Ж.Пүрэвдорж /СТА/, УДЭТ-ын жүжигчин Э.Батдорж
Хохой- А.Цэрэнбалжир
Хутагтай - С.Нямжав
Ром бүсгүй -Л.Баяржавхлан, Д.Отгончимэг
Улаанцолмон - О.Үржинханд /СТА/, Н.Авирмэд
Олны хэсэгт: Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын нийт уран бүтээлчид, арын албаныхан тус тус ажилласан байна.
“Асарын өндөр” жүжгийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн санаачилгаар эхлүүлсэн бөгөөд жүжгийн ерөнхий продюсероор Огторгуйн цагаан гарьд сангийн ТУЗ-ын дарга Б.Ойгонжаргал, гүйцэтгэх продюсероор Хөгжимт жүжгийн театрын дарга соёлын тэргүүний ажилтан Г.Солонго нар ажиллажээ.
Харин жүжгийн ерөнхий найруулагчаар төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар, ерөнхий зураач соёлын тэргүүний ажилтан С.Ариунболд, хөгжмийн зохиолчоор Соёлын тэргүүний ажилтан Ш.Өлзийтөгс, хөдөлгөөний найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Г.Ган-Очир, түүхийн зөвлөхөөр Ж.Мөнхдэлгэр, бүжиг дэглээчээр соёлын тэргүүний ажилтан А.Отгон нар ажиллажээ.
...Тольтот зүрхнээс ундарсан
Асарын өндөр заяа
Тэнгэр газраас үүдсэн
Хүн гүрний дуулал... хэмээн эхлэх түүхэн аялгуут жүжгийн
тасалбарыг https://ticket.mn/event/1711/-ээс захиалж авч болох
юм.
Монгол Улсад Хүннүгийн хаад язгууртны дурсгалт газар арваад буй. Эдгээр нь Ноён уул, Тахилтын хотгор, Гол мод, Дуурлиг нарс, Гол мод-2, ОХУ-ын Буриадын нутагт байдаг.
2022 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Ямаан уснаас Хүннүгийн язгууртны томоохон дурсгалт газар илэрсэн. Хангайн нурууны баруун биеэс анх удаа олдоод буй уг дурсгалт газар Хүннүгийн Шаньюйн алтан ураг, Баруун гарыг захирах томоохон язгууртны булш байх боломжтой байгаа нь үндэсний бахархлыг төрүүлж буй юм.
Мөн Ямаан усны дурсгалт газраас 20-иод км-ийн зайд хот суурины
туурь болон Хүннүгийн энгийн иргэдийн булш дурсгалууд олон тоотой байгаа нь
Хүннүгийн гүрний үеийн суурьшлын томоохон бүс байсныг батлан харуулж буй.
Тиймээс дээрх түүхэн үйл явдлыг улс, орон нутгийн хэмжээнд сурталчлан таниулах, эх орныхоо түүхийг дээдлэх, соён гэгээрүүлэх, зорилгын хүрээнд, Завхан аймгийн 100 жилийн ойд зориулан түүхэн жүжгийг туурвиж эхэлсэн билээ.
Огторгуйн цагаан Гарьд сан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр хамтран Б.Цогнэмэхийн зохиол “Асарын өндөр” түүхэн жүжгийг бүтэн жилийн турш бэлтгэж, сүүлийн зургаан сарын хугацаанд жүжигчдийн бэлтгэл, сургуулилтыг хийж, өдгөө үзэгчдийн хүртээл болгох гэж буй юм.