Б.Ринченийг дурсах газартай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-06 13:21:26

Нэрт эрдэмтэн, академич Бямбын Ринчений мэндэлсний 110 жилийн ойг энэ жил Монгол орон даяар эрдэм номын баяр болгон ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа билээ.  Увс аймгийн Улаангом хотноо тус ойд зориулсан эрдэмтэн судлаач, уншигчдийн уулзалт хэлэлцүүлэг зохиож, мөн Түргэн суманд Б.Ринчений дурсгалт газрыг тохижуулах ажил явагдлаа.

1955 онд Б.Ринчен доктор Чехийн эрдэмтэн Павел Поухатай хамт Увс аймгийн Түргэн суманд ирж ардын билиг зүйч Эвэгийн Намилантай уулзан, гэрт нь хонож байжээ. Иймээс Э.Намилин гуайн намаржиж байсан Хавцлын аманд “Мэргэд чуулсан буйр” хэмээх бичигтэй дурсгалын багана босгож, хажуугаар нь бургасан төгөл байгуулаад байна. Б.Ринчен гуай анх ирэхдээ энэ газар Поух болон бусад хүмүүстэй хамт зургаа татуулж байсан нь түүх болон үлджээ.

Улаангомд болсон уулзалт хэлэлцүүлгийн үеэр баруун Монголчууд, тэр дундаа ойрадуудын талаар түүний бичсэн бүтээл, туурвилуудыг голчилж ярилцсан юм.

“Социализмын тэр хэцүү бэрх цагт Ринчен гуай баруун монголчуудын тухай олон томоохон судалгаа хийсэн байдаг. Тухайлбал, “Тод үсгийн Гэсэр”, “Гаваншаравын Дөрвөн ойрадын түүх”, “Равжамба Зая бандидын тууж Сарны гэрэл хэмээх энэ мэт болой” зэрэг түүхэн сурвалжуудыг хэвлэн нийтлэсэн нь ойрад судлалд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. Тэрчлэн ойрад Монголчуудын амьдрал тэмцэл, ёс заншил, сэтгэлгээг дүрслэн харуулсан “Ану хатан”, “Нууцыг задруулсан захиа” зэрэг өгүүллэг бичиж, ойрадын баатарлаг эрс манжуудын эсрэг хэрхэн баатарлагаар тулалдаж байсныг яруу тодоор бичсэн. Тэр их холоос хүнд бэрхийг туулан бидний өв соёлыг нээхийн тулд хоёр удаа ирж байсан алдарт хүн Б.Ринчений зам мөрийг дурсах тийм газартай болъё гэж үзээд бид Түргэн сумын нутаг Хавцлын аманд “Мэргэд чуулсан буйр” хэмээх багана босголоо” хэмээн түүхийн ухааны доктор На.Сүхбаатар онцоллоо.

Улаангомд болсон уулзалт хэлэлцүүлгийн үеэр “Бямбын Ринчений ойрад судлалын бүтээл туурвил” номын нээлт болж, тэнд очсон хүн бүрийг номын дээжээр мялаасан юм. Энэхүү номыг “Тод номын гэрэл төв”-ийн удирдах зөвлөлийн дарга Б.Бат-Амгалан, гишүүн А.Баатар нар ивээн тэтгэн хэвлүүлжээ.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд