Нидерландыг хүчтэй шуурга дайрсны улмаас олон зуун нислэг цуцлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-07-06 12:17:18

АМСТЕРДАМ. /France24/. Лхагва гарагт Нидерланд улсыг хүчтэй шуурга дайрсны улмаас нэг хүн амиа алдаж, Амстердам хотын Шипхолын нисэх онгоцны буудлын олон зуун нислэг цуцлагдаж, замууд хаагдсан байна.


Хойд тэнгисийн эрэг орчмыг дайрсан Поли шуурганы хурд цагт 146 км хүрчээ. Нидерландын эрх баригчид иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна.


Шуурганы үеэр Харлем хотод нэг эмэгтэй унасан модонд даруулж амиа алдсан талаар Nu.nl мэдээллийн агентлаг цагдаагийн газрын мэдээг эш татан мэдээлжээ.


Олон нийтийн NOS телевизээр мэдээлснээр, Ази, Ойрхи Дорнод, АНУ болон Европын бусад орнуудын нислэгүүдийг холбодог гол төв болох Шипхолын нисэх онгоцны буудал 300 гаруй нислэгээ цуцалсан байна. 


Нидерландын эрх баригчид Амстердамын ойролцоох Алкмаарын хурдны замтус улсын хойд хэсэгт галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ. 


Шуурганы улмаас тус улсын Цаг уурын албанаас хойд дөрвөн бүс нутагт аюулын дээд буюу улаан түвшин зарласан байна. 


Нидерландын нутаг дэвсгэрийн гуравны нэг орчим нь далайн түвшнээс доогуур оршдог тул далан болон бусад усны хамгаалалтын асар том системтэй. Тус улс нь цаг агаарын эрс тэс үзэгдэл, цаг уурын өөрчлөлтийн нөлөөнд онцгой өртөмтгий аж.

Холбоотой мэдээ