Монголын Эдийн засгийн форум-2023: Улс төрийн соёл, ёс суртахууныг төлөвшүүлж байж тогтвортой хөгжинө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
uranatuya@gmail.com
2023-07-09 17:31:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Эдийн засгийн форум-2023 өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Форумын салбар хуралдаануудын нэгэн чухал сэдэв нь Монгол Улсад төрийн ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцооны тухай байв.

 

Дээрх сэдвийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, “Глоб интернэшнл төв” ТББ, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын төлөөллүүд оролцож Монгол Улсад ил тод хариуцлагатай байдлыг сайжруулах нь эдийн засаг, нийгэм, улс төрийн зөв тогтолцоонд ямар чухлыг хөндөж санал бодлоо солилцсон юм. Хамгийн гол нь улс төрийн соёл, ёс суртахууныг төлөвшүүлж, нийгмийн шударга тогтолцоог бий болгож байж тогтвортой хөгжинө гэдэгтэй хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдсэн.

 

“Транспэрэнси интернэшнл Монгол” ТББ-ын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяр илтгэлдээ төрийн ил тод байдал харьцангуй сайжирч байгаа ч цаашид анхаарах зүйлс олон бий, мөн төрийн ил тод байдал яагаад хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаа, энэ нь улс орны хөгжил, тогтвортой байдалд ямар үр нөлөөтэй тухай дурьдсан юм.

Түүнчлэн төсвийн ямар мэдээллийг тодорхой хэмжээгээр нээлттэй байлгах, ямар үе шаттайгаар ямар төсвийг боловсруулж байгаа юм гэх мэт нь хаалттай байдгийг өөрчлөх нь ил тод байдалд нийцэх юм гэж оролцогчид хэлж байв. Хууль хэдий сайн байсан ч хэрэгжүүлэх шатанд асуудал үүсдэг тал бийг мөн онцолж байлаа. Мөн тэрбээр,

 

“Монгол Улсыг үнэлдэг нийт үнэлгээ, үзүүлэлтүүдийг 100 хувь гэж авч үзвэл 20-22 хувийг нь эдийн засгийн үзүүлэлтүүд дангаараа эзэлж байна. Эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулахад хөрөнгө оруулалтын үүрэг нөлөө өндөр бөгөөд эрсдэлийн үнэлгээг нэн тэргүүнд тавьж чадвал өөрчлөлт орох боломжтой. Монгол Улсад хэдийгээр Авлигын хяналт хэсэгт тоон үзүүлэлт сайжирсан дүнтэй ч авлигатай тэмцэх нь зөвхөн хууль тогтоомж, шүүхийн шийдвэрлэлтээр хязгаарлагдахгүй, асуудлыг цогцоор нь буюу авлигыг бууруулахад нөлөөлөх хүчин зүйлсийг зэрэгцүүлэн анхаарах шаардлагатай байна. Үүнд иргэдийн оролцоог төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагаанд бүрэн хангаснаар хуулийн хэрэгжилтэд дэмжлэг болдогийг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн иргэд, иргэний нийгмийн байгууллагын хараат бус хяналтыг хэрэгжүүлэх таатай орчныг төрөөс бодлогоор дэмжиж сайжруулах явдал маш чухал” гэсэн юм.

 

“Нээлттэй нийгэм форум” ТББ-ын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал:


-1994 оноос хойш Монголын иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг оролцоо ихээхэн нэмэгдэж, төрийн ил тод хариуцлагатай байдлыг дээшлүүлэхэд маш их хүчин чармайлт гаргаж ирсэн. Үүний үр дүнд 2006 онд “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ыг гаргасан. Энэ нь төрийн нээлттэй бодлогын системийн нэг хэсэг болж ирсэн.


Ил тод байдлыг хангахын тулд, иргэд нээлттэй байдлаар мэдээллээ авдаг болгохын тулд  тулд хуулийн шинэчилсэн найруулга хийх зэргээр эрх зүйн зохицуулалтыг аль болох хамгийн сайнаар хийхийг эрмэлзэж ирсэн. Иргэдийн мэдэх эрх, мэдээллийн эрх чөлөө гэдэг бол ил тод байдалд хамгийн чухал зүйл.

Ил тод байдлын мөн чанар, ач холбогдлыг ойлгох, түүнийг бий болгох чин хүсэл эрмэлзэл төрийн байгууллагуудад дутагдалтай байна.

 

“Глоб интернэшнл төв” ТББ-ын тэргүүн Х. Наранжаргал:

-Хууль нь өөрөө сайн байх, хууль хэрэгжилт сайн байх, мөн хуулийг ашиглах үр дүнг нь хүртэх иргэд нь энэ хуулийнхаа тухай мэдлэгтэй байх нь чухал байдаг юм. Төрийн байгууллагын хандлага сэтгэлгээний асуудал ч мөн маш чухал. Тогтвортой хөгжил гэдэг нь ерөөсөө хүн төвтэй хөгжил юм. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг нь олон улс дахь нэр хүнд. Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн тулд олон улсын хэм хэмжээ, эрх зүйн стандартуудыг мөрдөж байх нь чухал.

 

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П. Сайнзориг:

-Тогтсон хэвшсэн зүйлийг түргэн хугацаанд өөрчлөх бэрх. Гэвч нээлттэй байдал, мэдээлэл тэнцвэржүүлэх асуудал маш их чухал гэдгийг бид мэдэрсэн учир хүчин чармайлт гаргаж ажиллаж байгаа. Зөвхөн хууль өөрчилснөөр эрх зүйн реформ явагдахгүй. Хэрэгжүүлж чадахгүй бол хэдий сайн хууль байсан ч үр дүнгүй. Энэ тал дээр учир дутагдал байгаа гэдгийг хүлээн зөвшөөрнө. Засгийн газрын тусгай сангуудын талаарх алдаа оноог харж мэдэж авч байна. Хүний нөөцийн асуудал эдийн засгийн суурь хүчин зүйл гэдэг утгаараа энэ тал дээр шинэчлэл хийхийг зорьж ажиллаж байна.


Монголын Эдийн засгийн форум маргааш үргэлжлээд өндөрлөх бөгөөд “Монголд Тавтай Морил” уриан дор  Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. 

Холбоотой мэдээ