“Монголын Эдийн засгийн форум-2023” эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын Эдийн засгийн форум-2023” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. “Welcome to Mongolia” уриан дор болж буй энэ удаагийн чуулганд гадаад,
дотоодын 1700 орчим зочин төлөөлөгч оролцож байна.
Чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж, үндсэн илтгэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар
тавив. Мөн хүндэт зочны
илтгэлийг АХБ-ны дэд ерөнхийлөгч Ашок Лаваса тавилаа.
Чуулганы нэгдсэн хуралдаан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого” сэдвээр болж, улмаар салбар хуралдаанууд үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ, “Дэлхийн улс орнууд дангаараа биш, хамтдаа хөгжихөд тэмүүлж байна. Монгол Улсын хувьд ч хөгжлөөс хоцрохгүй байж, өөрийн онцлогт тулгуурласан эдийн засгийн хөгжүүлэхийн тулд бусад улс орнуудтай нэг зүгт харах ёстой болж байгаа. Хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагаа гэдэг тогтвортой, харилцан ашигтай байх ёстой. Үүнийг бид ойлгож, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчныг бий болгох шаардлага зайлшгүй тулгарч байна” гэдгийг онцоллоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын хаврын чуулганаар эдийн засгийн гурван багц хуулийг баталсныг форумд оролцогч нарт дуулгаад, үүнд, гадаадын хөрөнгө оруулалтын орчны шинэчлэл, эдийн засгийг тогтворжуулах-төрөлжүүлэх, либериалчлал буюу төр хувийн хэвшлийн оролцоог тэнцвэржүүлэх, тэр дундаа хувийн хэвшлийг дэмжих асуудлыг оруулж өгсөн гэв. Ингэснээр хүчтэй ардчилал, хүртээмжтэй эдийн засаг, хөрөнгө оруулалтын ээлтэй орчин бүрдүүлэх эрхзүйн орчин хангагдсан гэж үзэж байна. Монгол Улсын хөгжлийн бодлого тогтворжиж, залгамж халаатай байж, ямар ч нам төрийн эрх барьсан нэгдсэн бодлого үргэлжилдэг байх нөхцөл бүрдсэн хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.
АХБ-ны дэд ерөнхийлөгч Ашок Лаваса хэлсэн үгэндээ, “Цэвэр эрчим хүч бол Монгол Улсын хувьд нэн тэргүүний шаардлагатай асуудал болж буйг онцлоод, тиймээс АХБ Монгол Улстай хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойлохдоо урт хугацааны, хөгжлийн найдвартай түнш гэж үздэгийн хувьд “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт хэрэгжүүлэхэд бид хамтран дэмжин ажиллана” гэв.
Энэ удаагийн форум Монгол Улсын эдийн засаг өсөх хүлээлт дор болж байгаа бөгөөд дэлхий нийтийг хамарсан "Ковид-19" цар тахлын дараах Монгол Улсын эдийн засгийн хурдацтай өсөлтийг онцлох юм.2022 онд Монголын эдийн засаг таамаглаж байсан 4 хувиас өндөр
өсөлтийг үзүүлсэн бол 2023,
2024 онд мөн өндөр өсөлт үзүүлэх таамаглалтай байгаа юм.