"Сум, баг бүрт хүрч үйлчилье" төсөл зорилтот бүлэгт чиглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-09-14 09:57:31

Орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх "Сум, баг бүрт хүрч үйлчилье" төслийн нээлтийн үйл ажиллагаа Төв аймагт боллоо. Төслийн нээлтэнд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Ньюнт болон албаны бусад мэргэжилтнүүдээс гадна Төв аймгийн 27 сумын эрүүл мэндийн мэргэжилтнүүд оролцлоо.

“Аймгийн алслагдсан сум, багт хүрч үйлчлэхэд бэрхшээлтэй, нийгмийн халамж шаардлагатай зорилтот бүлгийн хүн амд эрүүл мэндийн болон нийгмийн суурь үйлчилгээг цогцоор ойртуулан үйлчилгээг хүргэх ажлыг хэрэгжүүлэхэд төслийн зорилго  оршиж байгаа” хэмээн Төв аймгийн ЭМГ-ын дарга Ч.Алтантуул хэллээ. Шинээр хэрэгжих "Сум, баг бүрт хүрч үйлчилье" төсөл нь нийгмийн халамж шаардлагатай гэр бүл болон хүүхэд мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, алслагдсан түр оршин суугчид, сургууль завсардсан хүүхэд, хүнд хөдөлмөр эрхэлдэг хүүхэд /гар аргаар алт олборлогч/ зэрэг зорилтот бүлгийнхэнд үйлчлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээжийг сайжруулан зохион байгуулахад чиглэх талаар тэрээр хэлсэн юм.

Түүнчлэн салбар дундын хамтын ажиллагаа олон нийтийн оролцоог түшиглэх, тусламж үйлчилгээ хүргэх багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт үнэлгээг тогтмолжуулах замаар тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах гэсэн цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Уг төслийг ДЭМБ санхүүжүүлэх бөгөөд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана. Төслийн хэрэгжүүлэгч байгууллагаар Төв аймгийн Эрүүл мэндийн газар болон ЗДТГ-ын даргаар ахлуулсан салбарын дундын ажлын хэсэг ажиллана.

 Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ