Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ маргаашнаас эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-09-14 11:42:02

БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ маргаашнаас эхэлнэ.

Тодруулбал, пүрэв гаригт Монголын үндэсний Төв музейд “Алдар гавьяаны замнал” үзэсгэлэн, Тусгаар тогтнолын ордонд Ц.Жамбалсүрэн “Монгол цэргийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал, Д.Төрбат “Маршалын нууц товчоон” номуудын нээлт болох бол баасан гаригт 15 цагаас Ю.Цэдэнбалын 100 жилийн ойд зориулсан Баярын хурал, хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд болох юм.

Бямба гаригт 08:00 цагт Ю.Цэдэнбалын шарилд хүндэтгэл үзүүлж, 11:40 цагт Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөнө. 12:30 цагт Сүхбаатарын талбайд Бүх нийтийн хүндэтгэлийн тоглолт, 14:00 цагт 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох аж.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол, Ой тэмдэглэх тухай Засгийн газрын 333 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулах комиссыг байгуулж, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөрийг баталжээ.

Б.Туул

 

Холбоотой мэдээ