Алба хаагчдад гадаад улсад туршлага судлах сургалтад хамрагдах батламж гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 102, Дотоодын цэргийн 101 жилийн ой, "Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр"-т зориулсан арга хэмжээ өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Тус арга хэмжээнд Ерөнхий сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Д.Амгаланбаатар оролцож, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд миний гүйцэтгэх үүрэг" сэдэвт эсээ бичлэгийн уралдааны шилдэг оролцогчдод “Гадаад улсад туршлага судлах сургалтад хамрагдах" батламж гардуулж, баяр хүргэв.
Тус эсээ бичлэгийн уралдаанд нийт 64 анги, байгууллагын 730 алба хаагч оролцсон байна. ЦЕГ, Удирдлагын академийн удирдлага, эрдэмтэн багш нарын төлөөлөл бүхий ажлын хэсэг хоёр шатны сонгон шалгаруулалтаар шилдэг 50 оролцогчийг тодруулжээ.
Тэдний төлөөлөл;
● Дотоодын цэргийн 805 дугаар ангийн IV салбарын салааны захирагч, дэслэгч Б.Батбаяр;
● Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Батцэнгэл;
● ЦЕГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн архивын эрхлэгч, цагдаагийн ахлагч Г.Баярчимэг;
● ЧД-ийн Цагдаагийн газрын I хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч С.Билэгт;
● Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын Эрүүл мэнд, сэтгэл зүйн тасгийн ахлах сэтгэл зүйч, цагдаагийн хошууч Э.Бямбажаргал;
● Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн Аюулгүй байдал, хамгаалалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнхбат;
● Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Шарын гол сумын сум дундын цагдаагийн хэлтсийн бичээч, цагдаагийн дэд ахлагч М.Мөнгөнтулга
● Дотоодын цэргийн 822 дугаар тусгай салбарын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Наранбат;
● ТЦА-ны ЗЦГ-ын Замын хөдөлгөөний бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Сүхбат;
● Дундговь аймгийн Цагдаагийн газрын Монголбанкны гэрээт харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Чадраабал нарын 10 хүн баярынхаа өдрөөр батламжаа гардан авлаа.