ТӨВ: Сааль бялхсан цацлын агар хувинг бүтээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-07-18 18:41:17

Зуунмод /МОНЦАМЭ/. Зуунмод хотод сааль бялхсан агар хувин, молор эрдэнийн дүрс бүхий цацлын халбагатайгаар зохиомжилсон цэцэгт байгууламжийг бүтээв.

 

Энэхүү бүтээлийг нутгийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Урандөш урлаж, Зуунмод цэцэрлэгжүүлэлт ОНӨҮГ ногоон байгууламж, тохижилтын ажлыг хариуцаж ажиллав.

 

Тодруулбал, "Тус бичил тохижилт орон нутгийн хөрөнгө оруулалтын 9.4 сая төгрөгөөр бүтжээ.  

 

Бэлгэдлийн хувьд Төв аймаг олон үзүүлэлтээр улсдаа манлайлагч аймаг. Төмс, хүнсний ногооны 54 хувийг дангаараа, сүү, цагаан идээгээр Улаанбаатар хотын иргэдийн хэрэгцээг бүрэн хангадаг.

 

Малын тоо 5 108 399 толгой, төрлөөр задалбал 398 802 адуу, 348 906 үхэр, 3 975 тэмээ, 2 727 758 хонь, 

1 628 958 ямаатай.

 

Өнгөрөгч онд 111 сая литр сүү сааж зах зээлд нийлүүлсэн хөдөлмөрч иргэдтэй улсын тэргүүний аймаг.

 

Мөн монголчууд зочноо хүндэтгэн сүү, идээгээ дээжлэн угтаж, сүүн цацлаар ашдын бэлгэдэл болгон аян замыг нь ерөөдөг эртний сайхан уламжлалтайг бэлгэдэж Төв нутгийнхаа түүхт 100 жилийн ойг угтаж энэхүү бүтээлийг байрлуулсан байна.

 

Харин хувингийн хэлбэрийн хувьд монгол дарханы агар хувинг бэлгэдэн урласан. Савхан модон сав нь хагсрах тусмаа агших явцад бүслүүр доошилж чангаран, ширхэг хадаас оруулахгүй углуургадаж хийсэн нь зай завсар үгүй болж, шингэн зүйл хийхэд асгарахгүй, бөх байдаг.

 

Байршлын хувьд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй газар болох Ланс 2 дугаар баг, Нацагдорж 5 дугаар багуудын зааг, гурван замын уулзвар дээр байгуулсан. Ингэснээр дотоод, гадаадын жуулчдад үндэсний өв соёлоо таниулахаас гадна, аймаг орон нутагтаа өнгө нэмж байгаа гэж харж байна" гэв. 

 

Холбоотой мэдээ