Газын зурвасаас Ромын эзэнт гүрний үеийн булш олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
odondarjaa@montsame.gov.mn
2023-07-25 13:02:17

ГАЗЫН ЗУРВАС. /Reuters/. Өнгөрсөн онд Газын зурвасаас олдсон Ромын эзэнт гүрний үеийн оршуулгын газарт малтлага хийж байсан археологичид 125 гаруй булш, ховор хар тугалган авс илрүүлсэн талаар Палестиний Эртний эд өлгийн яам мэдээлсэн байна.


Хоёр мянга орчим жилийн настай эдгээр булшнуудын ихэнх нь бүрэн бүтэн хадгалагдан үлджээ.


"Палестинаас анх удаа бид 125 булштай оршуулгын газар, Газын зурвасаас анх удаа хоёр хар тугалган авс оллоо" гэж Францын Библи, Археологийн судлалын шинжээч Фадель Аль-Аутул хэлжээ.

Хоёр авсны нэгийг нь усан үзэм, нөгөөг нь далайн гахайн дүрсээр чимэглэсэн байжээ.


Энэхүү малтлагыг Францын Premiere Urgance International” байгууллага удирдаж байгаа аж.


Египетийн санхүүжилтээр хэрэгжиж байсан орон сууцны төсөл дээр ажиллаж байсан барилгын багийнхан энэ газрыг өнгөрсөн оны хоёрдугаар сард илрүүлжээ. Гэвч санхүүгийн хүндрэлээс болж орон нутгийн археологичид малтлага хийлгүй дахин булсан байлаа. Харин одоо Францын байгууллагын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар археологийн малтлагыг зохих ёсоор хийж эхэлжээ.


Палестиний газар нутаг нь Библийн сударт дурдагддаг Филист, эртний Египетээс эхлээд Ромын эзэнт гүрэн, загалмайтны аян дайны үед худалдааны чухал замуудын уулзвар байсан билээ.

Холбоотой мэдээ