ЗАВХАН: Тэгш ойн баяр наадмаар хоггүй нааджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай/МОНЦАМЭ/. Тус аймаг 100 жилийн ойг тэмдэглэн
өнгөрүүлэх баяр наадмын үеэр хоггүй наадлаа.
Тодруулбал Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, "Хог биш баялаг" Төрийн бус байгууллага хамтран ажиллажээ.
Дээрх байгууллагууд 200 гаруй оюутан залуустай түр ажлын байрны гэрээ байгуулан ажиллаж наадмын өдрүүдээр хог цэвэрлэх, иргэдэд хогоо зөвхөн хогийн саванд ангилан ялгаж хаяж сурахыг үлгэрлэн заах, сурталчлах ажлыг хийжээ.
Наадмын өдрүүдээр ил задгай хаясан хогийг эдгээр сурагчид түүж цэвэрлэж, ачуулахаас гадна, олон нийтэд эерэг дадлыг үлгэрлэж, зарим иргэдийг хог цэвэрлэх, ачуулах ажилд уриалж, хамтран ажилласан.
Оюутнууд болон, сайн дурын иргэд аймгийн Хот
тохижилт үйлчилгээний албаны ажилчид хамтран баяр наадмын талбай, сурын талбай,
хүндэтгэлийн гэрүүд болон морины уралдааны зурхайд хуваагдан гурав хоногийн
хугацаанд ажиллажээ.
Иргэдэд хог хаягдалгүй, байгальдаа ээлтэй наадамлах соёлд суралцахыг зааж өгч, үлгэрлэж, уриалснаар наадмын өдрүүдэд наадамчид хоггүй цэвэрхэн талбайд наадаж чадсан. Наадмын өдрүүдэд Улиастай сумаас нийт 7 тонн хогийг ачиж цэвэрлэжээ.
Баяр наадмын талбайд зохион байгуулж буй үйл ажиллагаа өнөөдрийн байдлаар дуусаагүй байна. Наадмын өдрүүдэд Улиастайгаас орж гардаг дөрвөн чиглэлд зөөврийн чиргүүл бүхий хогийн сав байршуулж тухай бүр нь ачиж зайлуулсан.
Мөн наадмын талбайн 12 хаалга бүр дээр суурин хогийн сав, зөөврийн хоёр чиргүүл бүхий хогийн савыг байршуулсан. Ингэхдээ ангилан ялгалтын хогийн савыг мөн байршуулж, хогийг тухай бүр нь ачиж цэвэрлэлээ.
Түүнчлэн, морь барих талбай, сурын талбайд тус бүр хоёр зөөврийн чиргүүл бүхий хогийн савыг байршуулж эдгээр газруудын хогийг ачиж цэвэрлэх ажлыг хийж байна.
Наадмын үеэр Хот тохижилт үйлчилгээний албанаас байцаагч, ачигч, жолооч, зам талбайн үйлчлэгч, нийтийн сууцуудын орцны үйлчлэгч гээд 34 хүн ачаалалтай ажилласан гэж Хот тохижилт үйлчилгээний газраас мэдээлэв.