Хавдрын эсрэг аян Хөвсгөл аймагт үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-14 20:09:58

“Хавдрын эсрэг үндэсний аян-2016” Хөвсгөл аймагт 3 дахь өдрөө үргэлжилж байна. Хөдөө орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, хавдрын эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа зохион байгуулах, хавдрын тусламж үйлчилгээг ойртуулах зорилготой энэхүү аяны хүрээнд 2000 орчим иргэдийг үзэх гэнэ.

Аяны хүрээнд ХСҮТ-ийн эмч нарын баг Хөвсгөл аймагт эрсдэлт бүлгийн хүн амыг хавдрын нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж байна. Мөн мэс заслын эмч нарын баг хорт хавдрын мэс эмчилгээг хийж, иргэдэд тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэхээс гадна орон нутгийн эмч, мэргэжилтнийг ажлын байранд нь дагалдан сургаж дадлагажуулж байгаагаараа онцлог юм.

Тус аймагт энэ аяныг гурван жил хэрэгжүүлсэн бөгөөд энэ хугацаанд нийт 5152 хүнд үзлэг оношилгоо хийж, 19 хортой хавдрын тохиодол илрүүлэн хавдрын нарийн мэргэжлийн зохих тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.  Хөвсгөл аймагт 292 хүн хорт хавдраар өвчилж, 222 хүн хорт хавдрын улмаас нас барсан бөгөөд өдгөө 643 хүн хавдрын улмаас эмчийн хяналтад байгаа аж.

Хөвсгөлд элэг, ходоод, улаан хоолой, уушигны хорт хавдрын өвчлөл тэргүүлж байгаа төдийгүй оношлогдож буй хавдрын 70 гаруй хувь нь хожуу үе шатандаа илэрч байгаа ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ