Эртний халим дэлхий дээрх хамгийн хүнд амьтан байсан байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-08-03 14:48:31

ВАШИНГТОН. /AP/. Перугийн өмнөд нутгаас 10 гаруй жилийн өмнө олдож байсан амьтны араг ясны үлдэгдэл нь 300 гаруй тонн жинтэй халимын эртний төрөл зүйлийнх байсан хэмээн эрдэмтэд мэдээлжээ.


Тэдний хэлж буйгаар, энэ нь дэлхий дээр амьдарч байсан хамгийн хүнд жинтэй амьтан байж магадгүй байна. 


Олон улсын эрдэмтдийн баг энэхүү нээлтийнхээ талаар шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд лхагва гарагт нийтлүүлжээ. Судлаачид Перугийн өмнөд нутгаас уг амьтны нуруу, хавирганы ясыг олсон бөгөөд түүндээ тулгуурлан загварчлал гаргажээ. Эртний халимыг 39 сая орчим жилийн өмнө амьдарч байсан гэж таамаглаж байна.


Эрдэмтдийн тооцоолж буйгаар, энэ амьтан 20 орчим метр урт, 85-340 тонн жинтэй байжээ. Ингэснээр дэлхий дээрх хамгийн том, хүнд жинтэй амьтанд тооцогддог цэнхэр халимтай тэнцүү буюу түүнээс илүү жинтэй байсан гэсэн үг юм.


Судлаачид уг амьтныг гүехэн усанд амьдардаг байсан хэмээн таамаглаж байгаа юм байна. Тэд халимын чулуужсан олдвороо хөхтөн амьтдын амьдралын хувьслыг судлан баримтжуулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ